Алтны уурхайдаа цахилгаан татах гэсэн “Эс жи групп”-ээс хахууль авсан Д.Бямбасүрэнд 30 саяын торгох ял оноов

Алтны уурхайдаа цахилгаан татах гэсэн “Эс жи групп”-ээс хахууль авсан Д.Бямбасүрэнд 30 саяын торгох ял оноов

"Эс жи групп" алтны уурхайдаа цахилгаан татахын тулд Эрчим хүчний үндэсний төвийн захирал Д.Бямбасүрэн нарт авлига өгч, зөвшөөрөл нь гарахаас өмнө ажлаа дуусгасан байсан талаарх мэдээллийг бид өмнө нь дэлгэж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэрэгт холбогдсон Эрчим хүчний үндэсний төвийн захирал асан Д.Бямбасүрэнд холбогдох хэргийг шүүх хэлэлцээд түүнд торгох ял оноожээ. 

Тодруулбал, Д.Бямбасүрэн нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Эс жи групп” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны аравдугаар сарын 18-ний өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан,

“Эс жи групп” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Харин шүүхээс Д.Бямбасүрэнг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял, Ц.М-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3 сая 900 мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.