Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар тус, тусдаа "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг өргөн барилаа

Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар тус, тусдаа "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцохын зэрэгцээ сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан нь парламентын ардчиллын суурь зарчим юм. Энэ утгаараа иргэдийн зүгээс Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах, Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө түдгэлзүүлэх, эгүүлэн татах механизмыг илүү тодорхой болгох шаардлагыг сүүлийн жилүүдэд хүчтэй тавих болоод буй юм.

Үүнээс ч болсон уу, манай улсад өнөөдөр нэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван хуулийн төслийг өргөн бариад байна. Тодруулбал, “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар өргөн барилаа.

- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ИРГЭНИЙ ГОМДОЛД ҮНДЭСЛЭН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ТАТАХ МЕХАНИЗМЫГ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛГОСОН - 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн гол агуулга нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгож, парламентын сахилга, оролцооны шаардлагыг өндөрсгөхөд чиглэжээ.  Тухайлбал, уг төсөлд Үндсэн хуулийн цэц гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулсан тохиолдлыг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд тооцохоор тусгасан байна.  Мөн хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу намын жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж тухайн нам, эвсэл үзвэл эгүүлэн татах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой байхаар тусгажээ. Гэхдээ уг асуудлыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэж, ил санал хураалтаар гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд шийдвэрлэхээр байгаа юм.

Түүнчлэн иргэний гомдолд үндэслэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах механизмыг илүү тодорхой болгосон байна. Тодруулбал,

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;
  • Чуулганы нэгдсэн хуралдааны 30-аас дээш хувьд оролцоогүй;
  • Санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;
  • Ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн гэх асуудлаар иргэн гомдол гаргавал УИХ-ын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд дэд хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэн, ил санал хураалтаар шийдвэрлэхээр тусгажээ.

- ЖАГСААЛТААР СОНГОГДСОН ГИШҮҮНИЙГ НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРЭЭР ЭРГҮҮЛЭН ТАТАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ - 

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Б.Батбаатар тавдугаар сарын 5-нд мөн  “Монгол Улсын Их Хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Түүний боловсруулсан төслийн онцлог нь зөвхөн намын жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хамаарах зохицуулалт тусгасанд оршиж байна. Өөрөөр хэлбэл, тухайн гишүүнийг намын төлөөллийн төв байгууллагын шийдвэрээр эргүүлэн татах боломж бүрдэхээр байгаа юм.

Үүнээс үүдэн “Энэ хууль зөвхөн жагсаалтын гишүүдэд үйлчлэх үү” гэсэн асуулт урган гарна. Харин Б.Батбаатар гишүүний зүгээс  “Ер нь ирээдүйд 126 гишүүнд бүгдэд нь хамааралтай болно. Гэхдээ бүх гишүүдийг хамруулбал нөхцөл нь өндөр болчихоод батлагдахгүй байж магадгүй гэж харж байгаа. Хий дэмий яриад өнгөрөх биш эхний алхмаа хийчихээд цаашаа явах нь зөв гэж харж байгаа” гэсэн хариулт өгөөд байгаа юм. Товчхондоо, жагсаалтын гишүүдээр туг тахиад ч хамаагүй хуулийн төслөө л батлуулах нь түүний гол зорилго болжээ. 

2024 оны УИХ-ын сонгуульд түүний удирдаж орсон ИЗНН-аас намын жагсаалтаар дөрвөн гишүүн сонгогдсон нь М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира болон Б.Батбаатар өөрөө билээ. Харин тус намаас сонгогдсон зарим гишүүний ёс зүй, олон нийтийн сүлжээн дэх байр суурьтай холбоотой маргаан улс төрийн хүрээнд өрнөж, жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хариуцлагын асуудал хөндөгдөх болсон юм. Тухайлбал, М.Нарантуяа-Нара гишүүний олон нийтийн сүлжээн дэх ёс зүйгүй байдалтай холбоотой шүүмжлэл байнга гарах болсон. Энэ оны нэгдүгээр улирлад УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой 48 гомдол УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирсэн жишээ бий.  Тэгвэл М.Нарантуяа-Нара гишүүн “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” хууль батлахаа бараг жилийн өмнө хэлж байсан бөгөөд өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд  УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.  

-М.НАРАНТУЯА-НАРА ГИШҮҮНИЙ БОЛОВСРУУЛСАН ХУУЛЬ ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ ШУУД ХЭРЭГЛЭХЭЭР ТУСГАЖЭЭ - 

Түүний өргөн мэдүүлсэн хуулийн гол агуулга нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг улс төрийн байгууллагаар дахин “шүүдэг” байдлыг халж, Цэцийн шийдвэрийг шууд хэрэгжүүлэхэд чиглэжээ. Тодруулбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” гэх хэсгээс “Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” гэсэн заалтыг хасахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ улс төрийн шийдвэр гаргахгүйгээр шууд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломж бүрдэх зохицуулалт юм.

Мөн М.Нарантуяа- Нара гишүүний хууль УИХ-ын гишүүний “Тангарагын үг”-ийг өөрчлөх санал тусгаснаараа “онцлог” болжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 7.2 буюу “Гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөнө” гэсэн хэсгийн “тангараглая” гэсний өмнө “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаа” гэж нэмэх, “биелүүлэхээ” гэснийг “биелүүлж,” болгон өөрчилнө гэж заасан байна.

- М.НАРАНТУЯА- НАРА ГИШҮҮНИЙ БОЛОВСРУУЛСАН ХУУЛЬ ОДООГИЙН ПАРЛАМЕНТАД ХАМААРАХГҮЙ- 

Хуулийн төслийн агуулгаас гадна анхаарал татаж буй өөр нэг зүйл нь эдгээр төслүүдийн хэрэгжих хугацааны асуудал юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл батлагдсан өдрөөсөө эхлэн шууд хэрэгжих бол Б.Батбаатар гишүүний хуулийн төсөл 2026 оны “аль нэг сарын аль нэг өдрөөс” хэрэгжиж эхлэхээр байна. Харин М.Нарантуяа-Нара гишүүний төслийн хувьд 2028 оны сонгуулийн дараагаас мөрдөгдөж эхлэх аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн УИХ-ын гишүүдэд тэр дундаа М.Нарантуяа-Нара гишүүнд хамаарахгүй аж. Үүнээс үүдэн үнэхээр ажил хийгээд байна уу, эсвэл дараагийн сонгуульдаа бэлдэж улс төрийн оноо цуглуулах оролдлого хийгээд байна уу гэсэн асуулт яригдаж эхэллээ.