Шүүхээс торгох ял сонссон прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Шүүхээс торгох ял сонссон прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэрэг Дээд шүүх дээр "очжээ". 

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Э.Амарбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Мөн Ц.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг бол П.Одонтунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эдгээр шүүгдэгчдэд оноосон ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Харин прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн аж. Тиймээс тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 20-ны өдөр болохоор товлогджээ.