Канадын Засгийн газрын хилээр нэвтрүүлэх хязгаарлалтын улмаас ОХУ-ын 20 хүртэлх насны шигшээ баг 2027 оны залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсныг Олон улсын хоккейн холбоо (IIHF) арваннэгдүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдлээ.
Тус тэмцээнийг өөр улсад зохион байгуулах хувилбаруудыг судалсан ч “IIHF” Канад улсыг зохион байгуулагч хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Ингэснээр тэмцээн 2026 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2027 оны нэгдүгээр сарын 5-ны хооронд Канадын Эдмонтон болон Ред-Дир хотод товлосон хуваарийн дагуу болно.
Канадын Спортын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Адам ван Куверден өмнө нь ОХУ, Беларусийн тамирчид болон албаны хүмүүсийг тэмцээнд оролцох зорилгоор тус улсад нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр уг шийдвэрийг ОХУ-ын Украинд явуулж буй дайны нөхцөл байдалтай холбон тайлбарласан бөгөөд хязгаарлалт нь хүчинтэй визтэй тамирчдад ч үйлчлэх аж. ОХУ, Беларусийн шигшээ багуудыг “IIHF 2022” онд олон улсын тэмцээнүүдээс хассан. Харин өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Спортын арбитрын шүүх ОХУ-ын хоккейн багуудыг холбооны таван тэмцээнд буцаан оролцуулах шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: Reuters