Ерөнхий сайд Н.Учрал хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийн явцтай танилцаж, “Дельтафүүдс”, “Дөмөг хүнс” компанийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Энэ үеэр нөөцийн мах бэлтгэх, хадгалах, нийлүүлэх үйл явцад хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулж, хяналт, бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг онцлов.
Төсвийн тодотголоор батлагдсан 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт эргэлтэд оруулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг евро стандартад нийцсэн зоорь, агуулахад хадгалахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн мах бэлтгэх бүх үе шат, агуулахад төвлөрүүлсэн махны хэмжээ, гарал үүсэл, үлдэгдлийн мэдээллийг dashboard.gov.mn системд тухай бүр үнэн зөв бүртгэхийг үүрэг болгов. Мөн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж, өмнөх жилүүдэд гарсан зөрчил, дутагдлыг давтахгүй байхыг анхаарууллаа.
Тэрбээр өнгөрсөн хавар зарим аж ахуйн нэгж махыг орон нутгаас бус зах зээлээс бөөнөөр худалдан авч, бэлтгэсэн махаа зах зээлд бүрэн нийлүүлээгүй асуудал гарсныг дурдав. Иймд Засгийн газраас 2027 оны хаврын хэрэгцээнд зориулан нийслэлд 15-20 мянган тонн мах нөөцлөх шийдвэр гаргажээ. Хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хангамжийг тогтвортой байлгах, болзошгүй хомсдол болон үнийн өсөлтөөс сэргийлэх хүрээнд 12 мянган тонн төмс, хүнсний ногоо, 15-20 мянган тонн мах нөөцлөхөөр шийдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар санхүүжилтийн хүрээнд 4,422.9 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан бол дөрвөн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 1,580 тонн мах бэлтгэхээр гэрээлжээ. Нийт 17 аж ахуйн нэгж 6,002.9 тонн мах бэлтгэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнээс 3,091 тонн махыг агуулахад төвлөрүүлээд байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 69.8 хувьтай байна. Ерөнхий сайдын ажиллах үеэр “Дөмөг хүнс” ХХК-ийн агуулахад гэрээнд заасан 510.2 тонн махыг татан төвлөрүүлсэн байдалтай байжээ. Түүнчлэн бондын эх үүсвэрээр зургаан аж ахуйн нэгж 4,800 тонн мах бэлтгэх хүсэлтээ нийслэлд ирүүлсэн байна. Эдгээр хүсэлтийг тооцвол одоогоор нийт 10,802.9 тонн нөөцийн мах бүрдүүлэх боломж бүрджээ. Ийнхүү Засгийн газар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ махны гарал үүсэл, хадгалалт, нийлүүлэлтэд тавих хяналтыг сайжруулж, хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээг тогтвортой хангахад анхаарч байна.