Швед улсад саатуулагдаад байсан Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг маргааш эх оронд нь авчирч, мөрдөн шалгахаар болжээ

Швед улсад саатуулагдаад байсан Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг маргааш эх оронд нь авчирч, мөрдөн шалгахаар болжээ

Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу Швед улсад саатуулаад байгаа бөгөөд тус улс манай улс, Франц улсын алинд нь түүнийг хүлээлгэж өгөх талаарх шийдвэр гараагүй байсан. 

Тэгвэл Монголын интерполынхон Швед улсад саатуулаад байгаа иргэн Г.Ган-Очирыг маргааш /2026.11.14/ эх оронд нь авчрахаар болжээ.  

Эргэн сануулахад, иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа буюу 2022 оны долдугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан байдаг.

Тиймээс Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан юм.

Тэрбээр Монгол Улсаас орон зайлсныхаа дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхээс 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил хорих ял ногдуулсан бөгөөд тэрбээр ял эдэлж байх хугацаандаа дахин тус улсаас оргон зугтсан аж.

Тиймээс ч Г.Ган-Очирыг Монгол Улсаас гадна Францын тал Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна.

Энэ дагуу Г.Ган-Очирыг энэ оны наймдугаар сарын 21 /2025.08.21/-ний өдөр Швед улсад саатуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор түүнийг шилжүүлэн авчрахаар манай улсын хууль хяналтын байгууллагаас Швед улсад хүсэлтээ тавьж, ийнхүү түүнийг авчрахаар болсон аж.