ХСҮТ-өөс диабетийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өглөө

ХСҮТ-өөс диабетийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өглөө

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тохиодог Дэлхийн диабеттай тэмцэх өдрийг угтан Хавдар судлалын үндэсний төвөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ жилийн хүрээнд “Early action on diabetes” буюу “Диабетийн эсрэг эрт үеийн арга хэмжээ” уриан дор зохион байгуулсан тус үйл ажиллагаанд ХСҮТ-ийн дотоод шүүрлийн эмч, хоол зүйч, сэтгэл зүйч, сувилахуйн албаны мэргэжилтнүүд оролцож, 100 гаруй хүнд үзлэг, шинжилгээ, зөвлөгөө өгчээ. Тодруулбал, иргэдийн цусан дахь глюкозын түвшинг тодорхойлох, амин үзүүлэлт болон артерийн даралтыг хэмжих, диабетийн эрсдэлийг үнэлэхийн зэрэгцээ эрүүл, зөв хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Диабетийг эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, амьдралын зөв хэв маяг хэвшүүлэх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй хүндрэлээс хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 2026 оны байдлаар дэлхий дахинд насанд хүрсэн есөн хүн тутмын нэг нь диабеттэй бөгөөд нийт 589 сая хүн уг өвчнөөр оношлогджээ. Мөн 635 сая хүн диабетийн өмнөх үе шат буюу предиабеттай байгаа аж. Харин Монгол Улсад диабетийн тархалт сүүлийн 20 жилийн хугацаанд гурав дахин нэмэгдэж, 3 хувиас 10 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь диабеттэй бөгөөд тэдгээрийн 75 орчим хувь нь оношлогдоогүй байгаа нь эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.




Өнөөдөр луу өдөр

12 цагийн өмнө