СУРВАЛЖИЛГА: "Эмээлт"-ийн малын зах дээр нас гүйцсэн үхэр 5 сая, соёолон үхэр 4.5 саяар, хонь 350-600 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

СУРВАЛЖИЛГА: "Эмээлт"-ийн малын зах дээр нас гүйцсэн үхэр 5 сая, соёолон үхэр 4.5 саяар, хонь 350-600 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Монголчуудын хувьд 11 дүгээр сар гарсаар өвлийн идэшний цаг болдог. Харин энэ жилийн хувьд махны үнэ өндөр байгаатай холбоотойгоор “Өвлийн идшээ бэлдэхэд хүндрэлтэй байна” хэмээн иргэд бухимдалтай байгаа билээ. Тэгвэл Isee.mn сурвалжлах баг энэ удаа Эмээлтэд байрлах амьд малын захаас адуу, үхэр, хонийг ямар үнээр худалдаалж байгаа талаар тус сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО:

Манай сурвалжлах баг 15.00 цаг орчимд Эмээлтэд байрлах хамгийн том гэгдэх амьд мал худалдаалах цэг дээр очиход захаар үйлчлүүлж байгаа иргэд цөөн, ил хуль байлаа. Тус зах дээр ченж буюу худалдаа эрхлэгчид байхаас гадна хөдөөнөөс малаа ачиж орж ирсэн малчид малаа худалдаалах боломжтой байдаг гэв. Харин иргэд худалдаж авсан бог малаа 30 мянган төгрөгөөр, бод малаа 150 мянган төгрөгөөр гаргуулж, гэдэс дотрыг нь цэвэрлүүлж авдаг аж.

-НАС ГҮЙЦСЭН ШАР 5 САЯ, СОЁОЛОН ҮХЭР 4.5 САЯ, СУВАЙ ҮНЭЭГ 4 САЯ ОРЧИМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛЖ БАЙНА-

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Э.Мандахчулуун, “Би өчигдөр долоон хязаалан үхэртэй ирснээс дөрвийг нь зарчихсан.

Хязаалан үхрээ 3.7 саяар борлуулж байна. Манай хязаалан үхрээс ойролцоогоор 170-180 кг мах гарна.

Махны үнэ өндөр байгаа учраас иргэдийн худалдан авалт муу байх шиг байна. Гэхдээ бид малаа хямд заръя гэхээр бензин, өргөн хэрэглээний бараа, өвс, тэжээл зэргийн үнэ өссөн учраас  махаа үнэтэй зарахаас өөр аргагүйд хүрсэн. Би мөн адуутай ирсэн. Бага дуугаа 1.3 саяар, соёолон үрээгээ 2.2 саяар борлуулах гээд байж байна. Адуу авч байгаа хүн ховор байна” гэлээ.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Э.Мандахчулуун

Харин тус зах дээр байсан хамгийн тарган, том үхэрнүүдтэй худалдаачнаас үнийн мэдээллийг тодруулахад,

“Соёолон үхэр тарга, тэвээргээсээ шалтгаалаад 4.5-4.8 саяын хооронд байна. Харин нас бие гүйцсэн шараа 5 саяар, шүдлэн үхрээ 2-3 саяын хооронд, сувай үнээ 4 сая орчимд зарах гээд зогсож байна” гэв.

Энэхүү худалдаа эрхлэгчээс үхэр авах гээд зогсож байсан иргэнээс хэдэн төгрөгт тааруулж үхэр авах гэж байгаа талаар тодруулахад, “Манайх жил бүр энэ захаас нас гүйцсэн шар худалдан авч, өвлийн идшээ базаадаг. Харин энэ жилийн хувьд мах үнэтэй байгаа учраас сувай үнээ 4 саяар авах гээд мөнгө хүрэхгүй л зогсож байна. Гэхдээ лангуун дээрээс мах авч байснаас амьд мал аваад гаргуулчих юм бол хамаагүй хэмнэлттэй, мах нь арвин байдаг” хэмээв.

5 саяар зарагдаж буй шар

-“БҮДҮҮН ХОНЬ 550-600 МЯНГА, ШҮДЛЭН 350 МЯНГААР БОРЛУУЛЖ БАЙГАА УЧИР ХУДАЛДАН АВАЛТ ТААРУУ БАЙНА” ГЭВ-

Тэгвэл тус захын бог малын худалдаа эрхлэгч Ц.Долгорсүрэн, “Манай зах дээр ямаа огт зарагдахгүй байгаа. Харин төлгөн хонь 300 мянга, шүдлэн хонь 350 мянга, бүдүүн эр хонь 550-600 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Энэ жилийн хувьд худалдан авалт маш тааруу байна. Уг нь бол 11 дүгээр сар гаргаад ид бужигнаж байх ёстой байтал манай зах хүнгүй шахам л байна. Иргэд лангуун дээрээс мах худалдаж авснаас амьд мал аваад гаргуулах юм бол хямд тусдаг гэдгийг мэддэггүй байх. Үүнийг мэддэг хүмүүс нь бол жил бүр амьд мал авч, өвлийн идшээ базаагаад сурчихсан байдаг” гэлээ.

Бог малын худалдаа эрхлэгч Ц.Долгорсүрэн

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө