Монгол Улсын Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-ын 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал төсвийг хэлэлцэн баталсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлж, 2027 оны төсвийн онцлох зохицуулалтуудыг танилцууллаа. Тэрбээр “2027 оны төсөвт татварын орлогын эзлэх хувийг 90 байсныг 79 хүртэл бууруулсан. Төрийн өмчит компаниудын цэвэр ашиг, хүүгийн орлогоос төсвийн 21 хувийг бүрдүүлэхээр тусгасан. Мөн татварын багц хуулийг хэрэгжүүлснээр 1.3 их наяд төгрөгийн бодит дэмжлэг үзүүлнэ” хэмээв.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр 2027 онд 17 мянга, 2030 он хүртэл нийт 41 мянган ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж онцолсон байна.
Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт, тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлж, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгахын зэрэгцээ тэтгэврийг инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Төрийн албан хаагчдын цалинг 33 өөр хуулиар зохицуулж байсныг өөрчилж, цалинг 10-20 хувиар үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Дуусдаггүй олон яриаг дуусгаж, суурь асуудлаа шийдэж чадлаа. Шинэчлэл, өөрчлөлтийн хуулиудаа хэрэгжүүлэх боломжийг бий болгосон төсөв боллоо” хэмээн мэдэгдэв.