"Магнай" хээр азарганы төлөө 170 саяд арилжсан ААУ Д.Ариуннаран Улсын наадамд айрагдсан "Буган" морины эхийг 200 саяар авлаа

"Магнай" хээр азарганы төлөө 170 саяд арилжсан ААУ Д.Ариуннаран Улсын наадамд айрагдсан "Буган" морины эхийг 200 саяар авлаа

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос энэ жил “Шилмэл адууны дуудлага худалдаа-2026” арга хэмжээг аравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын “Чингис хааны хүрээ” цогцолборт зохион байгуулсан. Энэ төрлийн дуудлага худалдаа өмнө зохион байгуулагдаж байсан ч ийм өргөн цар хүрээтэй болж байсан нь цөөхөн. Тус арга хэмжээнд улс бүсийн наадамд амжилт үзүүлсэн хурдан хүлгүүдээс гадна ирээдүйн хурдан адууны удмыг залгамжлах үржлийн гүү, байдас, сарваанууд оролцож өндөр үнээр зарагдсан нь Монгол Улсад морин спорт ямар хэмжээнд хүрч, хөгжиж байгаагийн илрэл боллоо.

“Шилмэл адууны дуудлага худалдаа-2026”-нд оролцсон адууны эзэд 300 мянган төгрөг өгч бүртгүүлсэн бөгөөд бүртгэл үүсгэсэн адууны удам, угшил мэдээллийг худалдаа болохын өмнөөс тарааж эхэлсэн. Мөн дуудлага худалдаанд оролцох адуу хууль ёсны өмчлөлтэй байх бөгөөд худалдагч өөрөө эсвэл хуульд нийцсэн итгэмжлэл бүхий төлөөлөгч оролцох ёстой. Адуунд мал эмнэлгийн халдварт өвчин болон биохимийн шинжилгээ хийлгэсэн байх, халдварт өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт, шинжилгээний дүн, тээвэрлэлтийн талаар шаардлагатай мэдээллийг худалдан авагчид танилцуулах нөхцөл тавьсан гээд зохион байгуулалтын хувьд олон нийтийн магтаалыг хүртээд буй.

-ААУ Д.АРИУННАРАН 200 САЯАР ЗЭЭРД ГҮҮ ХУДАЛДАН АВЧ, ЗЭЭРД ДААГАА 170 САЯД АРИЛЖАВ-

Тус худалдааны үеэр Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат ААУ Д.Ариуннаран олны анхаарлыг татсан наймааг хэд хийгээд амжив. Тодруулбал, түүний Магнай хээр гэх төлүүд нь гурван удаа төрийн наадамд түрүүлээд байгаа азарганы төл зээрд даагыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат М.Цагаанбаатар 60 саяас 170 сая хүртэл дуудаж худалдан авчээ.

ААУ Д.Ариуннарангийн 170 саяар арилжсан зээрд үрээ

Харин энэ наймааны дараа ААУ Д.Ариуннаран МУТМУ П.Батсайханы Зүүн бүсийн соёолонгийн түрүү, Хангайн бүс хязаалангийн аман хүзүү , Улсын наадмын их насны айргийн гуравт хурдалж байсан Буган морины эх англи 50 хувийн цустай гүүг МУАУ Х.Гарьмагнайгаас 200 саяар авсан нь гүү ийм өндөр үнээр зарагдаж байгаа ховор тохиолдлуудын нэг боллоо.

МУАУ Х.Гарьмагнайн 200 саяар арилжсан зээрд гүү

-ХОВД АЙМГИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ААУ Ж.САРАНГЭРЭЛ 115 САЯАР БУУРАЛ ГҮҮ ХУДАЛДАЖ АВЛАА-

Дуудлага худалдаанд мөн нэлээдгүй үнэ хүрсэн гүү бол МУТМУ М.Цэрэнжавын бор гүү байлаа. Тус бор гүүний төл хээр даага энэ жил Улсын наадамд айргийн дөрөвт хурдалж, Зүүн бүсийн наадам гээд ойрхон болсон хоёр том наадамд айрагдсан юм. Гэвч аргагүй хурдан төлийн эх бор гүү 160 саяар зарагдсан гэх мэдээлэл байгаа ч хэн авсан нь тодорхойгүй байна.

МУТМУ М.Цэрэнжавын 160 саяар арилжсан бор гүү

АНУ-ын адууны дуудлага худалдаанаас 250 мянган доллараар зарагдаж байсан Керлин гэх азарга төл Төв аймгийн Сэргэлэн сумын Ч.Цэрэндашийн буурал гүүг Ховд аймгийн анхны эмэгтэй ААУ Ж.Сарангэрэл 115 саяар өөрийн болгосон байна.

Ч.Цэрэндашийн 115 саяар арилжсан буурал гүү

Үүгээр зогсохгүй монголын шилмэл хурдан хүлгүүд оролцсон энэхүү дуудлага худалдаа нэгэн онцлогтой боллоо. Өмнө болж байсан дуудлага худалдаанууд дээр үнэ хаялцаж өндөр үнэ хэлж, авахаар болсон ч наймаа хийхээс буцдаг тохиолдлууд цөөнгүй гардаг байсан. Тэгвэл “Шилмэл адууны дуудлага худалдаа-2026” үнэ хэлээд авсан даруйд нь хоёр талаас гарын үсэг зурж гэрээ байгуулсан байна. Мөн тус худалдаанд цэвэр цусны импорт азарганууд орсон хэдий ч хэдэн төгрөгөөр зарагдсан гэх мэдээлэл нууц байгаа юм. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө