АНУ-ын Нью-Мексико муж Facebook-т 25 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ

АНУ-ын Нью-Мексико муж Facebook-т 25 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ

АНУ-ын Нью-Мексико мужийн шүүх “Cambridge Analytica”-ийн дуулиантай холбоотой хэрэгт Meta компанид 25 тэрбум ам.долларын торгууль төлөх шийдвэр гаргажээ. Шүүхээс тус компанийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийн нууцлалын талаар төөрөгдүүлсэн гэж үзсэн байна.

Тодруулбал, 2018 онд тухайн үеийн Facebook платформын 87 сая хүртэлх хэрэглэгчийн хувийн мэдээллийг улс төрийн дүн шинжилгээний Cambridge Analytica фирм зохисгүй аргаар олж авч, Америкийн сонгогчдын зан төлөв, сонирхлын талаарх мэдээлэл бүрдүүлэхэд ашигласан хэрэг дэгдсэн юм.

Нью-Мексико муж 2021 онд Facebook-ийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зохисгүй ашигласан, нууцлалын бодлогынхоо талаар олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээн шүүхэд өгчээ. Улмаар тангарагтны шүүх Meta компанийг мужийн Шударга бус үйл ажиллагааны тухай хуулийг 43 сая гаруй удаа зөрчсөн гэж үзсэн байна.

Харин Meta компани уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгджээ. Тус компани мужийн эрх баригчдыг хувийн мэдээллийн нууцлал болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлыг хооронд нь хольж хутгасан гэж буруутгасан байна.

Энэхүү шийдвэр нь Meta компанийн хувьд хууль эрх зүйн дарамт нэмэгдэж буй үед гарчээ. Тодруулбал, тус компани залуучуудад үзүүлсэн гэх сөрөг нөлөөтэй холбоотой бусад шүүхийн маргаанд ч оролцож байгаа юм. Гэсэн хэдий ч Meta-гийн бизнесийн өсөлт үргэлжилж, компанийн борлуулалт тухайн улиралд өмнөх оны мөн үеэс 26 хувиар нэмэгдэн 64 тэрбум ам.доллар давсан байна.

Эх сурвалж: CNN