Францад амралтын өдрүүдээр өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр гарсан хүчирхийлэл, дээрэм тонуулын бурууг хэн хүлээх ёстой талаар тус улсын улс төрийн намууд харилцан буруутгалцаж, нийгэмд хуваагдал үүсээд байгаа ажээ.
Өнгөрөгч Бямба гараг /2026.10.17/-т болсон эмх замбараагүй байдлын үеэр олон мянган дэлгүүр, аж ахуйн нэгж дээрэмдүүлж, эд хөрөнгө сүйдсэн бөгөөд цагдаа нар хэрэгт холбогдсон этгээдүүдийг тогтоохоор хяналтын камерын бичлэг болон олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдийг шалгаж эхэлжээ.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон хүчирхийлэл, хулгай, дээрэмд оролцсон бүх этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.
Францын Засгийн газар эмх замбараагүй байдлыг хэт зүүний үзэлтэй бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж байгаа бол сөрөг хүчний зарим төлөөлөгч, оюутны холбоод энэ тайлбарыг эсэргүүцэж байгаа аж. Тэд оюутнуудын жагсаалын үндсэн шалтгаан болох амьжиргааны өртөг, төрийн боловсролын үйлчилгээний чанар, нийгмийн тэгш бус байдлыг орхигдуулж, үйл явдлыг улс төрийн зорилгоор ашиглаж байна хэмээн шүүмжилжээ.
Мөн хүчирхийллийн дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр хурдтай тархаж, залуусыг эмх замбараагүй байдалд татан оролцуулахад нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудал хөндөгдөж байна. Үүнтэй холбогдуулан Францын Ерөнхий сайд асан Габриэль Аттал олон нийтийн сүлжээний үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоох санал гаргажээ. Харин оюутны хөдөлгөөний төлөөлөгчид жагсаал нь улс төрчдийн зохион байгуулсан үйл ажиллагаа бус, нийгмийн асуудлаас үүдсэн иргэдийн өөрсдийнх нь эсэргүүцэл гэдгийг онцолсон байна.
Францын Үндэсний Ассамблейн дарга Яэль Браун-Пиве үймээн самуун хэрхэн зохион байгуулагдсан, ямар шалтгаанаар ийм нөхцөл байдал үүссэнийг тодруулах парламентын мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал дэвшүүлжээ.
Гэвч олон нийтийн дунд зөвхөн буруутныг хайхаас илүүтэй хүчирхийлэл үүсэхэд хүргэсэн нийгэм, эдийн засгийн шалтгааныг тодруулах шаардлагатай гэсэн байр суурь нэмэгдэж байгаа ажээ. Иргэдийн хувьд аюулгүй байдал, амьжиргаа, төрийн үйлчилгээний асуудал шийдэгдээгүй байхад улс төрчид бие биеэ буруутгаж байгаа нь бухимдлыг улам нэмэгдүүлж буй ажээ.
Эх сурвалж: BBC