Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 13-ны өдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар цэнхэр дугаар ашиглаж, ямба эдэлдэг төрийн албан хаагчдын асуудлыг хөндсөн.
Ингэхдээ тэрбээр "Хувийн орон сууцны хороололд цэнхэр дугаартай машиныг өдөрт гурван удаа оруулж, ямба эдэлж байна. Ямба эдлээд байгаа нөхөр хэн бэ гэсэн чинь нэг гэр бүлд төрөөс паразиталдаг хоёр ямбатан байна. Хоёулаа төрөөс цэнхэр дугаартай машин унах эрх мэдэлтэй гэнэ. Төсвийн тухай хуулиар бол эрхгүй. Гэхдээ тэр машин тэр хотхон руу өдөрт гурван удаа орно. Юмыг нь зөөдөг машин хүртэл тусдаа болчихсон. Төрийн гурван өндөрлөгийг бол ойлгож байна. Төрөөс мэдээж машин унана. Гэхдээ паразитууд бол болохгүй. Энэ асуудал дээр Сангийн яам ямар байр суурьтай байна вэ. Төсөв оруулж ирэхдээ хяналт шалгалт хийдэг юм уу. Энэ асуудалд ямар хэмнэлтийн бодлого барьдаг юм бэ" гэх асуудлыг хөндсөн байдаг.
ВИДЕО:
Харин үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр "Цэнхэр дугаартай гэр бүлийн машины дугаарыг нь Дав.Цогтбаатар гишүүн тайлж авсан байна лээ. Бусдын эд хөрөнгийг авах, устгах нь гэмт хэрэгт орох вий гэж би өөрт нь хэлсэн" гэдгийг тодотгосон юм. Улмаар Дав.Цогтбаатар гишүүнийг уг асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл ч цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл уг асуудлыг эх сурвалжаас тодруулахад "УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг бусдын автомашины улсын дугаарыг тайлж авсан, эд хөрөнгийг нь авсан" гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Уг асуудлыг одоогоор шалгаагүй" гэдгийг хэллээ.