Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн-Өндөр” нэртэй газар, улсын хилээс 45 км зайд энэ сарын 08-ны /2026.10.08/ өдөр хээрийн түймэр гарч, "Нөмрөгийн дархан цаазат газар"-ыг хамран тархаад буй.
Уг түймрийг цурманд оруулсан ч өнөөдрийг хүртэл бүрэн унтрааж чадаагүй байгаа юм. Тодруулбал, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж аравдугаар сарын 12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулсан бол өдгөө Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тухайн хээрийн түймэр хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Мобиком компанийн нэр бүхий албан тушаалтнуудын унаж явсан тээврийн хэрэгсэлд гал гарсны улмаас дэгдсэн гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа.
Харин энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас "Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд болох нийт 13 хүн (5 автомашин)-д 2026 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж олгосон. Хилийн бүсэд нэвтэрсэн иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас автомашинд гал гарч, хээрийн түймэр болон өргөжсөн" гэдгийг мэдэгдсэн байдаг.
Мөн Мобиком компанийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи NTV телевизэд өгсөн тодруулгадаа "Түймрийн улмаас байгаль орчинд хохирол учирсанд бид гүнээ харамсаж байна. Ясүхиро Очи миний бие Мобиком компанийн нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.
Бид хариуцлагаас зайлсхийхгүй. Хохирлын хэмжээ, холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдоно. Бид энэхүү үйл ажиллагаанд бүх талаар хамтран ажиллаж, шалгалтын үр дүн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах болно.
Гал унтраах ажиллагаанд оролцсон, онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд, удирдлага болон туслалцаа үзүүлсэн хүн бүрд гүн талархал илэрхийлье" гэсэн юм. Тэгвэл өдгөө гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, түймрийн экологийн, эдийн засгийн хохирлыг тодорхойлох зорилгоор хууль хяналтын байгууллагууд албаны шалгалт явуулж байгаа аж. Харин одоогоор тухайн хэрэгт хэн нэгнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаагүй, галын шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоох ажиллагаа л хийгдэж байгаа юм байна.