Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Дорнод аймгийн Халх гол сумын Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр "Түймрийг аравдугаар сарын 16-ны өдөр бүрэн дарж устгасан. Нийтдээ 528 мянган га газар талбайтай, түүнээс 468 мянган га газар буюу нийт газар нутгийн 79.8 хувь нь түймэрт өртсөн. Ойн тухай хуулиар Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан хохирол тогтоох ажлын хэсэг газар дээр ажиллаж байна. Аймгаас томилогдсон болон Байгаль орчны яамнаас холбогдох мэргэжлийн хүмүүсийг нэмэлтээр ажлын хэсэгт оруулж хохирол тогтоох ажлын хэсэгт ажиллуулж байна. Хуулиараа хохирлыг 30 хоногийн дотор тогтоох ёстой. Цаашид хохирлыг зөвхөн шатсан газрын талбайгаар бус ой мод, агаар, хөрс, газрын хэвлий ургамал амьтны зэрэг бүх бүрдэл хэсгээр хохирлыг тогтоож, нэгдсэн тайланг гаргах ёстой. Улмаар хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Эзэн холбогдогч нь тодорхой учир цаг хугацаа авахгүй байх гэж найдаж байна. Монгол Улсын зүүн хил Нөмрөгийн дархан цаазат газарт 188 км хил торон саадгүй байгаа тул цаашдаа хилээ торон саадтай болгох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ" хэмээн ярилаа.