Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа

Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа

Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) аравдугаар сарын 19-30-нд Арменийн нийслэл Ереван хотод болж байна. 

Энэ үеэр манай улс “Цоохор ирвэс: Улс орнууд хэрхэн хамтран хамгааллыг хэрэгжүүлэх вэ" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Олон улсын цоохор ирвэс хамгаалах хөтөлбөр (GSLEP)-ийн газар хамтран зохион байгуулсан уг арга хэмжээгээр ирвэс хамгаалах олон улсын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээ, улс орнуудын туршлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр GSLEP-ийн түншлэл, улс хоорондын хамтын ажиллагаа хариуцсан захирал, доктор Костьюб Шарма ирвэс хамгаалах чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтыг танилцуулж, бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо.

Мөн Монгол Улсын Их Сургуулийн багш, профессор, доктор Ө.Баярсайхан цоохор ирвэсийн хамгаалал, судалгаа, мэдээллийн ач холбогдол болон энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүнгийн талаар илтгэл тавьсан юм. Хэлэлцүүлгийн үеэр ирвэс болон бусад зэрлэг амьтны хамгаалалд тулгарч буй сорилт, хүн ба зэрлэг амьтны зөрчлийг бууруулах арга зам, хамгааллын ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг хөнджээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагаатай зэрлэг амьтны хамгааллыг уялдуулах асуудлаар санал солилцсон байна.

Арга хэмжээнд Киргизстан Улсын Байгаль орчны дэд сайд Алмаас Мусаев оролцож, цоохор ирвэсийн тархац бүхий улс орнуудын хамтын ажиллагаа, судалгааны ажлын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Ирвэс нь хэд хэдэн улсын нутаг дэвсгэр дамнан тархдаг тул хамгааллын үр дүнг нэмэгдүүлэхэд улс хоорондын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, мэдээлэл солилцоо, олон талт түншлэл чухал болохыг оролцогчид онцолсон байна. COP17-ын хүрээнд Монгол Улсыг төлөөлөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан болон дагалдах арга хэмжээнд оролцож, үндэсний ололт амжилтаа танилцуулан, бусад улс орны туршлагаас суралцаж байна. Монгол Улс Биологийн олон янз байдлын үндэсний долдугаар тайлангаа хугацаанд нь боловсруулж, хүргүүлсэн бөгөөд хурлаар Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хүрээний хэрэгжилт, үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний шинэчлэл, тайлагналын асуудлыг хэлэлцэж байгаа юм.