Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьдыг хулгайлж төхөөрсөн хэрэг өнгөрсөн 2025 оны зургаадугаар сарын 7-ний /2025.06.07/ өдөр гарч, улмаар тухайн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байдаг.
Харин уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ оны зургаадугаар сард /2026.06.20/ болсон ч тус хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй хэмээн хэргийг прокурорт буцааж байв. Тодруулбал, морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьдыг хулгайлж төхөөрсөн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй, хулгайд алдсан гэх адуунуудад хийсэн үнэлгээ эргэлзээтэй, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдэл оролцоог тодорхой бичээгүй, хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий сиди дутуу, уг бичлэг бүхий сиди нь хэргийн хамт шүүхэд ирээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй байх тул яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж шүүхээс үзэж, хэргийг прокурорт буцаасан юм.
Тэгвэл мөрдөн байгууллагаас тус хэрэгт хийгдвэл зохих нэмэлт шинжилгээг хийж, хэргийг өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр шүүхэд шилжүүлсэн байна.
Тодотговол, морьт харвааны морьдыг хулгайлсан хэрэгт холбогдуулан Э, Б, Г, Б, П, нарыг таван хүнд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар буюу олон тооны малыг хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэх хэрэг, харин малын ченж У-г Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд зааснаар буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэрэгт нэмэлт шинжилгээг хийж, шүүхэд шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.