ХУДАЛДААЧИД: Цементийн нийлүүлэлт яагаад зогссоныг Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нараас асуу!

ХУДАЛДААЧИД: Цементийн нийлүүлэлт яагаад зогссоныг Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нараас асуу!

Манай улс “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталж, Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай 74 дүгээр тогтоол батлагдсан. Уг тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон. 

Уг нэмэлт өөрчлөлтөөр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай зарим барааны гаалийн албан татварыг 6,5- 20 хувь хүртэл нэмэгдүүлсэн байдаг. Үүнд цемент багтаж гаалийн албан татварыг 20 хувь хүртэл болгосон. Дээрх хууль ч биеллээ олж өнөөг хүртэл манай улс дотооддоо үйлдвэрлэсэн цементийг барилга, бүтээн байгуулалтын ажилдаа ашиглаж байсан юм. 

Гэвч өнөөдрийн байдлаар барилгын материал худалдаалдаг захууд дээр дотоодын үйлдвэрүүдийн цемент худалдаанд байхгүй. Ойролцоогоор сарын өмнө дотоодод цемент үйлдвэрлэгч томоохон компаниуд үйлдвэрлэлээ зогсоожээ. Үүний улмаас цемент хомстолд орж, барилга бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэл бий болоод байна. Чухам яагаад гэнэтхэн үйлдвэрлэл зогсов, одоо нөхцөл байдал ямархуу байгаа талаар бид энэ удаагийн сурвалжилгаа гурвал жингийн гүүрний барилгын материалын зах дээрээс бэлтгэлээ.

-ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ, ЦЕМЕНТИЙН УУТ БАЙХГҮЙ ГЭХ
ШАЛТГААНААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ САР ЗОГСООЖЭЭ-

Жижиглэн худалдаагаар нэг шуудай цемент сарын өмнө 10 мянга байсан бол өнөөдрийн байдлаар хятад цемент 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Бид жижиглэнгээр худалдаа эрхлэгчээс цементийн үнэ ханш, эрэлтийн талаар тодруулахад, “Монголын үйлдвэрүүд бүгд ажиллахгүй байна. Эрэлт нэлээд ихтэй, өдөрт тав арван вагон ирээд л дуусчихаж байгаа. Яагаад үйлдвэр хаагдсаныг Н.Номтойбаяр, Ц.Гарамжав нараас асуу. Бид юугаа мэдэх вэ. Өдрийн хоолоо болгохын тулд өндөр гаалийн татвар төлж оруулж ирсэн үнэтэй Хятад цементийг зараад л байж байна. Хоёр гурван хоногийн өмнөөс Монцемент ажиллаж эхэлсэн тэнд нь аль хэдийн урт дараалал үүсчихсэн. Бид авахын аргагүй. Энгийн иргэдэд өгөхгүй, мөнгөө урьдчилж тушаасан ченжүүдэд л өгч байгаа. Тог, цахилгааны асуудлаас болж ажиллахгүй, бас дээр нь “Хөтөл” цементийн уут байхгүй гэсэн сураг байна. Одоо зургадугаар сар дуустал үйлдвэрийн ажил жигдэртэл энэ хэвээрээ байна байх” гэлцэж байв.

Бид цааш явж цемент ачигч жолооч нараас үйлдвэрлэл зогссон асуудлаар тодруулахад “Цементийн нийлүүлэлт байхгүй учраас эрэлт нь өсөж байна.  Гаалийн татвар буулгавал Хятад цемент хямдраад зах зээлийн өрсөлдөөнөөр үнэ ч буурна. МАК, Монцемент компаниуд өнөөдөр цемент нийлүүлэхгүй, зах зээлээ хангаж чадахгүй байна. Асуудлыг Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нараас л асуу. Бидэнд хэлэхдээ тог, цахилгааны асуудалтай байгаа гээд байгаа. Сарын өмнө тасарсан тог нь одоо ирчихмээр юм” гэцгээж байв. 

-ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТ ЗОГССОН
УЧИР БАРИЛГЫН ҮНЭ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

Сар гаруй өмнө Монголд үйлдвэрлэсэн 1 тонн цементийг дунджаар 180 мянгаар худалдаалж байсан бол өнөөдөр Хятад цементийг дунджаар 260 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Цементийн үнэ өсөөд 20 гаруй хонож байгаа. Иймд иргэд БНХАУ-аас гаалийн өндөр татвар төлж цемент оруулж ирэх болжээ. Үүнийг дагаад барилга, орон сууцны үнэ ч нэмэгдэх нөхцөл бий болжээ.  Бид энэ талаар

Цемент үйлдвэрлэгч дотоодын “МАК Евро цемент”, “Монцемент” компаниудтай холбогдож тодруулахад,  МАК Евро цемент компани зүгээс “Үйлдвэр цахилгааны хязгаарлалтад орсон. Тавдугаар сарын 15-наас үйлдвэрлэлээ эхэлнэ” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин Монцемент компани “Одоогоор үйл ажиллагаа явуулж байна. Ачаалал ихтэй байна. Нэг тонн цементийг 175 мянган төгрөгөөр худалдаалж байна” гэсэн тайлбарыг өглөө.