Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч буй иргэдийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Ажлын хэсэг байгуулж, холбогдох санал, дүгнэлт боловсрууллаа.
Дээрх иргэдийн одоо амьдарч буй газар нь Засгийн газрын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байдал болон Ажлын хэсгийн дүгнэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/442 тоот тушаал баталсан талаар салбарын сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.05.22/ иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ танилцууллаа.
Тэрбээр уг шийдвэрийг танилцуулахдаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн орсон нэмэлт, өөрчлөлтөөс өмнө өргөдөл, хүсэлт гаргасан иргэдэд "аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах" зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож байгааг онцоллоо.Мөн Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Тиймдээ ч дээрх газруудад амьдарч буй иргэдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль, журамд заасны дагуу баталгаажуулах нь зүйн хэрэг юм. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнөх 5 сайдын тушаалаар 2015-2022 онд нийт 667 иргэнд газар ашиглах эрх олгосон байна.
Гэтэл тухайн цаг үед газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан хэдий ч дахин газар авах хүсэлт гаргасан нэр бүхий 11 иргэнд дахин газар олгохгүй байх шийдвэр гаргасан.Харин үлдсэн иргэдэд одоо амьдарч байгаа газрыг нь зориулалтын дагуу ашиглах эрх олгохоор шийдвэрлэлээ гээд уг газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу зориулалтаар нь ашиглах ёстойг санууллаа. Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсийн дэглэмийг чанд мөрдүүлэх, зөвшөөрөлгүй шинэ газар ашиглалт бий болгохгүй байх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг БОУАӨЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.