НӨАТ-ын буцаан олголтыг одоогийн хоёр хувиас найман хувь болгон нэмэгдүүлэхийг шаардсан өргөдөлд 29,272 иргэн гарын үсэг зуржээ.
Уг өргөдлийг нийт 33 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурснаар холбогдох асуудлаар ажлын хэсэг байгуулагдах нөхцөл бүрдэх юм. Одоогоор шаардлагатай тоонд хүрэхэд 3,728 гарын үсэг дутуу байна гэсэн үг. Харин нөгөө талд өргөдөлд гарын үсэг цуглуулах хугацаа дуусахад ердөө гурав хоног үлджээ.
Өргөдлийг санаачлагч иргэн Б.Болорчулуун “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг хоёр биш найман хувь болгох хэрэгтэй” хэмээн тайлбарлажээ. Монгол Улсад НӨАТ-ыг 10 хувиар ногдуулдаг бөгөөд төлсөн татварын хоёр хувийг иргэдэд буцаан олгодог. Харин үлдсэн найман хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг билээ.