АНУ-ын 29 мужийн нэгдэн гаргасан нэхэмжлэлийн дагуу Мета Платформс (Meta Platforms) компанийн эсрэг шүүх хурал Калифорни мужийн Окленд хотын холбооны шүүхэд эхэллээ. Тус компанийг фэйсбүүк, инстаграм платформоо хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээг нэмэгдүүлэх, удаан хугацаагаар ашиглуулахад чиглэсэн байдлаар зохион бүтээсэн гэж буруутгаж байна.
Нэхэмжлэл гаргасан талууд Мета хэрэглэгчдийн анхаарлыг аль болох удаан хадгалахын тулд төгсгөлгүй үргэлжлэх мэдээллийн урсгал, мэдэгдэл, “таалагдлаа” зэрэг үйлдэл болон хэрэглэгчдэд мэдээлэл санал болгох тогтолцоог ашиглаж, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн онцлогийг ашигласан гэж үзжээ. Мөн 13-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй цуглуулж, ашигласан гэх асуудлыг шүүхээр хэлэлцэнэ. Энэ нь АНУ-ын хүүхдийн цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалах холбооны хууль болон мужуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн эсэхтэй холбоотой юм.
Хэрэв шүүх Мета-г хууль зөрчсөн гэж үзвэл компанид асар өндөр санхүүгийн хариуцлага ногдох эрсдэлтэй. Мета долдугаар сард шүүхэд хүргүүлсэн баримт бичигтээ дөрвөн мужийн шаардлагыг хамгийн өндөр хэмжээгээр тооцвол 1.4 их наяд ам.долларт хүрч болзошгүй гэж мэдэгдсэн. Энэ нь тухайн үеийн компанийн зах зээлийн үнэлгээтэй ойролцоо хэмжээ юм.
Гэхдээ 1.4 их наяд ам.долларыг Мета-д аль хэдийн ногдуулахаар тогтсон торгууль гэж ойлгож болохгүй. Мужуудын тооцоонд платформ ашигласан залуу хэрэглэгчдийн тоо болон хуульд заасан боломжит торгуулийг үржүүлэн тооцсон бөгөөд Мета уг хэмжээг үндэслэлгүй хэмээн маргаж байна. Шүүхийн шийдвэр гараагүй байгаа юм. Шүүх хурал зургаан долоо хоног орчим үргэлжлэх төлөвтэй бөгөөд Мета-гийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг зэрэг компанийн удирдлагууд мэдүүлэг өгөхөөр хүлээгдэж байгаа аж.