Л.Одсүрэн: Гадаадаас иргэдээ татахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг

Л.Одсүрэн: Гадаадаас иргэдээ татахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг

Коронавирусийн улмаас манай улс хилээ хаагаад гурван сар өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар чартер нислэгээр 2129 иргэнээ гадаадаас татаж авсан ч цаана нь 10 мянга орчим хүн эх орондоо ирэх хүсэлтэй байна. Тэдгээр иргэд ихэнх нь гадаад улсад түр хугацаагаар зорчсон буюу аялах, эмчлүүлэх зэрэг зорилгоор явсан хүмүүс юм. Тэдний байдал өдөр хоног өнгөрөх тусам хүндэрч, дэлхийн өнцөг булан бүрээс Засгийн газарт илгээсэн хүсэлтийнхээ хариуг хүлээж сууна. Бид АНУ-ын Колорадо мужид байрлаж байгаа монгол улсын иргэн, бизнес эрхлэгч Л.Одсүрэнтэй холбогдож үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР 10 МЯНГАН ИРГЭНЭЭ
“ҮХВЭЛ ҮХ” ГЭЭД ХӨСӨР ХАЯЖ БАЙНА-

Та АНУ-д хэдий хэр хугацааг өнгөрөөж байна вэ, буцах хүсэлтээ гаргасан уу?

Би энд ажлын шугамаар нэгдүгээр сарын 26-нд ирсэн. Гуравдугаар сарын 4-нд буцах ёстой байсан ч одоог хүртэл буцаж чадахгүй л байна. Анх нэг сарын хугацаатай хил хаах үеэр хүлээцтэй хандаад буцах өдрөө хүлээсэн. Би буцах хүсэлтээ элчин сайдын яаманд сарын өмнө хүргүүлсэн. Аль хоёр сарын өмнө хүсэлт гаргасан хүн ч явж чадаагүй л байна.

Одоогийн байдлаар АНУ-аас ирэх хүсэлтэй хэдэн иргэн байгаа вэ?

Ойролцоогоор 1500 хүн хүсэлт гаргасан мэдээ байсан. Эдгээр хүмүүст одоогоор хүлээхээс өөр сонголт байхгүй. Хилээ хаагаад гурван сар өнгөрлөө, хүлээж байсан иргэд эхнээсээ санхүүгийн хямралд автаж эхэлж байна. Хүний нутагт мөнгө санхүүдээ л баригдаж амьдрана шүү дээ. Хугацаа өнгөрөх тусам явах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэх болно.

АНУ-д гацсан иргэдэд санхүүгийн хүндрэлээс өөр ямар асуудлууд тулгарч байна вэ?

Зөвхөн АНУ гэлтгүй эх орондоо буцах хүсэлтэй 10 мянган хүнд тулгарч байгаа асуудал ижилхэн. Тоочоод байвал асар олон асуудал, шалтгаан гарч ирнэ. Хамгийн наад зах нь визний асуудал байна. Зарим улс энэ тал дээр харьцангуй уян хатан, нэмэлт сунгалт хийж байхад хугацааг нь сунгахгүй ч улсууд байна. Хамгийн гол нь эдгээр хүсэлт гаргасан иргэд ямар нэг зорилгоор тухайн оронд түр очоод гацчихсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Оршин суугаа улсаас халамж, анхаарал гэх зүйл байхгүй, Монголоос санаа тавих нь байтугай хилээ хаачихаад оруулахгүй байна. Ихэнх нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас эхнээсээ санхүүгийн хямралд орлоо. Мөнгөгүй байна гэдэг чинь хамгийн хямд хүнс хэрэглэж, хамгийн хямд орон байранд амьдарч өндөр эрсдэлд байна гэсэн үг. Эдгээр иргэдийн ар гэрийнхэн нь санаа зовж, зарим нь хүүхдээ орхиод ирчихсэн сэтгэлийн шаналгаатай байна.

-БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ НЭГ БОЛ ЧАДВАРГҮЙ,
НЭГ БОЛ ХҮСЭХГҮЙ БАЙНА-

БНСУ-д суугаа иргэд нэгдэж суулт зарласан, та бүхний хувьд нэгдэж ямар нэгэн хүсэлт шаардлагыг ЗГ-д мэдэгдсэн үү?

Олон улсын хүний эрхийн байгууллагад хүсэлт гаргах гэх мэт олон зүйлс яригдаж байна. “Монголын иргэд эх орондоо буцах эрхтэй” сэдвээр цахим санал цуглуулах аян /Petition/ өрнүүлж эхэлсэн. Янз бүрийн хувилбарууд л ярьж байна. Үнэнийг хэлэхэд бусад улс орнууд хилээ хаах тохиолдол байгаа ч гадаадад байгаа иргэдээ татаж аваад бараг дууслаа. Монголчуудыг иргэдээ авахгүй байгааг гадаад хүмүүс гайхаж байна.  Монгол улсын иргэд чинь улсдаа татвар төлдөг, эрх баригчдаа сонгодогтой адил эх орондоо очих нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэтэл Монгол улсын Засгийн газар өнөөдөр хуулиа зөрчөөд эх орондоо очих хүмүүсийг хүлээж авахгүй шийдвэрийг гаргаж байна. Олон улсын шүүхэд ч хандаж болохоор нөхцөл  байдал үүсчихлээ. Иргэдийн хувьд Монголын төр иргэдээ зүгээр л “наанаа үхвэл үх” гээд хаяж буй мэдрэмжийг авч байна.

МУҮХ-ийн Хоёрдугаар бүлгийн 16-р зүйлд зааснаар  “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно”

Энэ бол тусгаар тогтносон Үндсэн хуультай, Засгийн газар нь үйл ажиллагаа явуулж байгаа улсын хувьд маш сул дорой, арчаагүй, эрх баригчид нь үүргээ мэдэхгүй, чадваргүй байгаа дүр зураг юм.

Засгийн газраас гаргасан үндсэн таван шаардлагад нийцсэн хүмүүсийн эхний ээлжид авчирна гэсэн шийдвэрийг гаргасан. Таны зүгээс энэ талаар ямар бодолтой байна вэ?

Бүх иргэдээ авах ёстой. Онцгой байдлын шуурхай штабын хэвлэлийн хурал зэргийг сонсохоор “чадлаараа авч байна, маяглаад байвал авахаа болино шүү” гэх хандлага ажигладсан. Монгол улсад нөөц бололцоо бий. Нислэг үйлдэх онгоц ганц хоёроор тогтохгүй, түрээслэсэн ч болно. Мэдээж хэрэг авчраад шаардлагын дагуу тусгаарлах арга хэмжээг авахад ямар ч аюул заналхийлэл байхгүй. Энэ жил улсаас 13 их наяд төгрөгийн төсөв баталсан. Нэмэлтээр коронавирустэй холбоотойгоор нэмэлтээр таван их наядын төсөв баталлаа. Энэ их мөнгийг баталж, зарцуулж байгаа төр засаг аравхан мянган иргэнээ авчрах үйл ажиллагааг зохион байгуулж чадахгүй байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ гэвэл  бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь нэг бол чадваргүй, нэг бол хүсэхгүй байна.

-ХАМГИЙН “ЗАЛХУУ” АРГА ХЭРЭГЛЭЖ, ХАМАГ ЮМАА
ХААЖ БАЙГАА НЬ БУРУУ-

Тусгаарлах байр хангалтгүй гэсэн шалтгаанаар чартер нислэг хийх үйл ажиллагаа удаашралтай байгаа. Таныхаар үүнийг яаж шийдэх боломжтой вэ?

Би дахиад хэлье Монгол улсад нөөц бололцоо хангалттай бий. Тэр өчнөөн олон зочид буудлууд, хотоос гадна амралын газрууд хоосон байна. Хэдэн мянган эмч сувилагч нар байна. Анагаахын оюутнууд, цэрэг хүчнийхэн, сайн дурынхан гээд хүсвэл хүнд хэцүү байдалд байгаа иргэдээ татах бүрэн боломжтой гэж бодож байна. Өнгөрсөн хоёр сард энэ үйл ажиллагааг төлөвлөж, боловсруулах хангалттай цаг байсан ч чадсангүй. “Чадлаараа ажиллаж байна” гэсэн хандлагатай хүмүүст хэлэхэд үүрэгт ажлаа хийж чадахгүй бол огцроод чаддаг хүнд нь ажлаа өгөх хэрэгтэй. Өөр нэг хардлага бол сонгуулийн жил ямар нэг эрсдэл гаргахгүй гэсэндээ иргэдээ авчрахыг хүсэхгүй байх шиг. Сонгуулиас өмнө бүх юмаа хааж, эрхэндээ оруулж байгаад өөрсдөдөө давуу тал бий болгохыг зорьж байна. Үүний төлөө гадаадад байгаа иргэдээ золиосонд явуулчихлаа.

Иргэдийн зүгээс гадаадаас ирсэн иргэд вирус тээгч байх магадлалтай гэсэн айдастай байгаа. Магадгүй коронавирусийн халдвартай хүнтэй хамт ирэх иргэд эрсдэлд орж болзошгүй ?

Миний анзаарсан бас нэг зүйл бол ЗГ-с гаргасан таван шаардлага гэх мэт зүйлс иргэдийн дунд маш их хагаралыг бий болгож байна. Цахим орчинд хоёр тал болчихоод хэрэлдээд л. Зарим хүмүүс "хүссэндээ явчихаад битгий өвчин авчрах гээд бай, хохино" гэх мэт зүйлийг хэлж байгаа. Яг үнэндээ нөхцөл байдал ийм болохыг энэ дэлхий дээр хэн ч мэдээгүй шүү дээ. Засгийн газар энэ үед ард иргэдээ нэгтгээд явах байтал хоёр хувааж хаяад бөөн хэрүүл үүсгэлээ. Энэ бол буруу бодлогын үр дүн. Үүнээс гадна гадаадад байгаа иргэдийн дунд хүртэл ялгаварлан гадуурхалт, хардлага үүсгэсэн. Нислэгт хамруулж байгаа иргэдийг сонгож байгаа үйл явц нь ямар ч тодорхойгүй байгаагаас үл итгэлцэл бий болж байна. Одоо иргэдээ бүгдийг нь авчрах ёстой гэж ярьж байгаа ганц ч гишүүн, улстөрч алга. Бодвол бүгд ах дүү, хамаатан саднаа татаад авчихсан бололтой. Тийм учраас үлдсэн хүмүүсийн зовлонг ойлгохгүй байна.

“Дэлхийн улс орнууд аль болох карентиний хугацааг бага байлгаж, халдвартай хүмүүсээ тусгаарлаад бусад хүмүүст өөрсдийгөө хамгаалах амьдралын хэв маягт хурдан сургаж, эдийн засгаа хэвийн нөхцөлд оруулахыг зорин ажиллаж байна. Харин манай ЗГ хамгийн залхуу, болхи аргаар ажиллаж бүх зүйлээ хааж, хориод байгаа бодлого нь алсдаа ард иргэдийн амьдрал ахуйд маш сөрөг нөлөөтэй. Монголын эдийн засаг өөрөө жижигхэн бас их эмзэг. Бизнесүүд дампуурч, амьдралын түвшин доройтох нь эмх замбраагүй байдал үүсгэж болзошгүй”

АНУ-ын Засгийн газраас ард иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?

Дэлхийн эрдэмтэн судлаач, эдийн засагчид 1929 оны эдийн засгийн их хямралтай дүйцэхүйц хэмжээний хямрал бий болно гэж анхааруулсан. Үүнийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдгийг бүгд бодож байна. АНУ-с авхуулаад олон улсууд хамгийн эхэнд иргэдийнхээ наад захын хэрэгцээг хангах зорилгоор, хоол хүнсийг нь таслачихгүй гэж бэлэн мөнгө тарааж байна. АНУ-д тогтвор суурьшилтай байдаг хүмүүс бол энэ халамжид хамрагдаж байгаа. Харин түр хугацаагаар очсон иргэд ажил ч үгүй, улсаас тусламж ч байхгүй. Нөхцөл байдал нь өдрөөс өдөрт хүндэрсээр л байгаа. Харин Монголын төр эсрэгээрээ хилээ хаагаад, иргэдээ хөсөр хаяж байгаа нь бухимдал төрүүлж байна.