Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын 20 гаруй мянган багш цалингаа нэмэхийг шаардаж, энэ сарын 16-наас /2025.10.16/ эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа юм. Энэ хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулиуд бие даалтын долоо хоног байсан учир танхимын хичээл ороогүй. Харин энэ сарын 27-ны /2025.10.27/ өдрөөс эхлэн танхимаар хичээл эхлэх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хэзээ хичээл эхлэх нь тодорхойгүй байгаа юм.
Хэдийгээр багш нар Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, цалингаа нэмэхийг шаардаж байгаа ч энэ нь төрийн өмчийн Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхэнд халдаж байна хэмээн эцэг эх, асран хамгаалагчид үзэж, багш нар өөрсдийнхөө эрхийг хамгаалахын тулд хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн эсэргүүцэж эхлээд байгаа юм. Тэгвэл бид уг асуудлаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатартай цөөн хором ярилцсан юм.
ВИДЕО:
Тэрбээр "Багш нар ажил хаялт зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногт бие даалтын долоо хоног байсан тул хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн асуудал хөндөгдсөнгүй. Харин энэ долоо хоногоос хичээл эхлэх байсан ч ажил хаялт зогсож, сургуулиуд хичээллэсэнгүй. Тиймээс хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн асуудал хөндөгдөж эхлээд байна. Ер нь багш нар ажил хаялт зарлах үеэс л хүүхдүүдийн сурч боловсрох эрх давхар хөндөгддөг. Энэ удаагийн ажил хаялтад хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд хамрагдаагүй. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Гэтэл төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаагаасаа болж, зөрчигдөж болохгүй.
Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын багш нар эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахын тулд санал санаачилга гаргаад, үүнийгээ илэрхийлэх нь мэдээж нээлттэй. Үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэвч энэхүү эрхээ эдлэх явцад нь нөгөө талд нь хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн асуудал зөрчигдөж, хоёр эрхийн хоорондох зөрчлийн асуудал бий болоод байгаа юм. ХЭҮК-оос "Засгийн газар, Боловсролын байгууллага багш нарын ажил хаялттай холбоотой зөвшилцөлд нэн яаралтай хүрэх шаардлагатай. Үүнээс үүдэлтэй хүүхдийн эрх нэг өдөр, нэг цаг ч зөрчигдөх ёсгүй" гэсэн шаардлагыг тавьж байгаа" гэсэн юм.
-БАГШ НАР ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭХГҮЙ, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ ДААМЖИРВАЛ ХЭҮК БОЛОН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРГАНА-
Нөгөөтээгүүр, багш нарын ажил хаялттай холбоотойгоор хүүхдүүд хараа хяналтгүй байж, үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэх шүүмжлэл ч гарч байгаа. Тэгвэл уг асуудалд тэрбээр "Сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулахгүй байх хугацаанд хүүхдүүд ахуйн болон гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол маш их байдаг. Тиймээс ч багш нарын ажил ажил хаялт зарлах тухай мэдээлэл цацагдсан даруйд ХЭҮК-оос цахим сүлжээгээрээ дамжуулан хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулахыг уриалсан. Мөн энэ цаг хугацаанд зайлшгүй шаардлагатай, харж хандах хүнгүй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зайнаас юм уу ээлжээр ажиллуулах, нөхөж ажиллуулах зэрэг хөдөлмөрийн олон талт харилцаанаас сонгоод ажилчдадаа болон хүүхдүүдэд ээлтэй нөхцөлөөр ажиллуулаач гэдгийг уриалсан.
Багш нарын эрхээ эдэлж буйтай холбоотойгоор хүүхдүүдийн аюулгүй, эрүүл орчинд өсөн бойжих, эрх зөрчигдөж болохгүй юм. Тиймээс ХЭҮК-оос аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ХЭҮК-ын болон ХЭҮК-ийн гишүүний зөвлөмжийг гаргадаг. Шаардлагатай тохиолдолд комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд зөвлөмж байгаад явна. Хэрэв зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол түүнд ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох бүрэн боломжтой" гэдгийг тодотгосон юм.
-АЖИЛ ХАЯЛТЫГ ТҮР ЗОГСООЖ, ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛЭХИЙН УРИАЛСАН Ч ТЭД ТАТГАЛЗАВ-
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Тэмцлээ үргэлжлүүлнэ. Яамнаас ирүүлсэн хэлэлцээний эхний төсөл дээр бид өөрсдийнхөө хүссэн хэмжээнд цалин нэмэх томъёоллоо хүргүүлсэн. Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 3.3 сая төгрөг, үлдсэн нэмэгдлийг долдугаар сарын 1-нээс шийдвэрлэвэл ажил хаялтаа зогсоож, хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн гэдгээ хүргүүлсэн. Хэлэлцээ эхлээгүй, нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас орон даяар багш нарын ажил хаялт хэвээрээ үргэлжилж байна" хэмээгээд байгаа юм. Харин Боловсролын яам болон Засгийн газраас "Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжгүй, шат дараатай нэмнэ" гэдгийг хэлж, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад ажил хаялтыг түр зогсоож, хамтын хэлэлцээг эхлүүлэхийг уриалсан ч Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэлэлцээ хийх боломжгүй хэмээгээд байгаа нь магадгүй улс төрийн зорилготой байхыг ч үгүйсгэхгүй гэх хардлага ч сүүлийн үед нийгэмд үүсээд байгааг энд тодотгоё.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        