Түгжрэл, утаа эхэлсэн энэ үед хүүхэд, багачуудын бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд тус хүргэх, нэг ч гэсэн эерэг мэдээллийг хүргэхийг зорьж бид энэ удаагийнхаа ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Манай улсад зарим тохиолдолд төр гэхээс илүү хувийн хэвшлүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачуудын эрүүл мэндэд анхаарах ашиг тустай зүйлс хийх нь элбэг.
Угаас улс хувийн хэвшлүүддээ тулгуурлан хөгждөг билээ. Үүний нэг тод жишээ бол Оюу толгой компанийн хэрэгжүүлж буй хүүхэд багачуудын дунд гэрэл цацруулсан “Гэрэлт” төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд одоогийн байдлаар Улаанбаатарт гурван жюү жицүгийн клуб ажиллаж байгаа бөгөөд Амгаланд байрлалтай жюү жицүгийн клубт бид энэ удаа зочиллоо.
ВИДЕО:
Энэ клубыг Монголын жюү жицүгийн холбооны үүсгэн байгуулагч О.Болд-Эрдэнэ удирдан ажиллуулдаг бөгөөд энд хүүхэд багачууд бие бялдраа хөгжүүлж, жюү жицүгийн спортоор хичээллэхээс гадна хүнд байх ёстой олон хүнлэг чанаруудыг өөртөө төлөвшүүлж авч байна. Хотын төв бус зах руу чиглэдэг энэ клубын үйл ажиллагааны ачаар Улаанбаатарын захын дүүргүүдийн олон хүүхэд спортоор хичээллэх нөхцөл боломж нь бүрдээд байгаа юм. Иймд бид “Гэрэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй жюү жицүгийн клубын багш Э.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та юун түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Одсүрэнгийн Болд-Эрдэнэ гэдэг. Жюү жицүгийн спортыг Монголд 18 жилийн өмнөөс хамт олонтойгоо нийлж хөгжүүлээд явж байгаа хүн.
-Тухайн үед хүмүүс жюү жицүгийн спортыг тэр облгон мэддэггүй байсан үе. Одоо бол Монголд энэ спортын төрөл маш сайн хөгжиж байна?
-2009, 2010 оны үед жюү жицү гэдэг үгийг монгол хүнээр хэлүүлэх, яриулах маш хэцүү байлаа. Одоо бол “жюү жицүгээр хичээллэе”, “жюү жицүгийн спорт” гээд олон хүн ярьдаг болсон нь гайхалтай байна.

-Ер нь энэ спорт хүүхдийн бие болоод сэтгэл зүйд ямар давуу байдлуудыг бий болгодог онцлогтой спорт юм бэ?
-Жүдо, жюү жицү ер нь нэг философитой спорт. Хүндлэл гэж зүйлийг хүүхдэд маш сайн сургадаг. Хүүхдүүд респект шинж чанарыг энэ спортоос олж авдаг гэсэн үг. Тухайлбал клубүүдэд бүх насныхан байгаа. Тэгээд ах, дүүсийн хоорондын харилцаа энд л үүсэж байдаг. Иймд ах, дүүсээ хүндэлнэ. Ялангуяа хүүхдүүд амжилтыг үнэлж сурдаг. Багшаа хүндэлнэ. Орчин тойрноо хүндэлнэ. Учир нь ёсолгоонууд их хийдэг. Дэвжээндээ ёсолно. Багшдаа ёсолно. Найз, нөхдөдөө ёсолно. Бэлтгэл тараад ёсолно. Ялчхаад ёсолно. Ялагдчихаад ёсолно. Энэ нь өөрөө хүндлэл гэдэг зүйлийг хүүхдэд төлөвшүүлж байдаг. Тэгээд мэдээж спортод ялалт, ялагдал гэж зүйл бий. Хүүхэд ялагдал гэж зүйлийг маш зөвөөр, маш гайхалтайгаар спортоос ойлгож байдаг.

-Энэ клубийг анх нээсэн талаараа ярихгүй юу. Оюу толгой компанитай хэрхэн холбогдов?
-Анх Оюу толгойгоос “Гэрэлт” төслийг хариуцсан мэргэжилтэн надтай холбогдож “Бид “Гэрэлт” гээд ийм төсөл эхлүүлчихсэн, “Good Neighbors”-той хамтраад явж байгаа. Ер нь хүчирхийлэлд өртсөн ч юм уу, сэтгэл зүйн эмгэгтэй янз бүрийн хүүхдүүдэд туслах, олон төрлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг үйлчилгээ үзүүлдэг зүйл хийж байгаа юм. Энэ хүүхдүүдээ танай клубээр хичээллүүлмээр байна, туршиж үзмээр байна” гэсэн. Тэгээд “хамаагүй, аваад ир. Магадгүй бид хамтраад явах боломж ч гарч магадгүй” хүүхдүүдээ авч ирж байсан. Өнөөдөр тэр хүүхдүүдийн тод жишээ бол сая холимог тулаанд аварга авсан манай Алтанчимэг охин. Тэр охиноор бахархаж, маш их мотивац, эрч хүчийг авдаг. Энэ спортоор хичээллэж, эх орныхоо нэрийг дуурсгаад явна гэдэг бол маш гоё зүйл.

-Өсвөр насны хүүхдүүд спортоор хичээллэх сэтгэл зүйд нь хэр нөлөөтэй байна вэ?
-“Гэрэлт” төслийн үр нөлөө хүүхдүүдэд ч бас нэлээд туссан болов уу гэж бодож явдаг юм. Энэ төслийн хоёр дахь үе шатад манай жюү жицү орж ирсэн. Өнөөдөр бид Амгалангийн энд сууж байна. Эндхийн хүүхэд залуучуудад жюү жицүгээр дамжуулан бие бялдрын болоод сэтгэл зүйн боловсролыг олгох, ялангуяа өсвөр нас гэдэг бол маш эмзэг зүйл. Энэ үед хүүхдүүдэд академик боловсролоос гадна сэтгэл зүйн боловсрол, зүрх сэтгэлийн боловсрол, бие бялдрын боловсролыг олгох үүднээс “Гэрэлт” төсөл өсвөр насныхан руу чиглэдэг. Бусад байгууллага ч үүнээс санаа аваад яваасай гэж маш их боддог.

-Клубуудэд одоогийн байдлаар нийт хэчнээн хүүхэд суралцаж байна вэ?
-Энэ гайхалтай төслийг эхлүүлээд гурван жил болж байна. Оюу толгой компанитай Монголын Жюү жицүгийн холбоо 2001 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулж байлаа. Мөн хүүхэд залуучуудын боловсролын төлөө маш олон ажлыг хийсэн. Үүний нэг нь яах аргагүй “Гэрэлт” төсөл. Сонгинохайрхан дүүрэгт гурван жилийн өмнө энэ төслийг эхлүүлж байхад 30 хүүхэдтэй байсан бол 100 шахам хүүхэдтэй, биеэ даасан“Thunder” академи болж байна. Клуб байгуулаад, тухайн багшийнх нь цалинг төлөөд, бүх хүүхдүүдийн өмсгөлийг зохицуулаад, ялангуяа захын хороололд спортын клубийг бий болгож байгаа нь л өөрөө сайн үйлс. Ер нь хүүхэд хаана байна тэнд бие бялдрын хүмүүжил, бие бялдар хөгжих боломжтой орчин, нөхцөл, заал, талбайгаар хангаж байх ёстой юм билээ. Бүр бодлогоор. Хэрвээ үүнийг шийдэж чадвал бид нар эмнэлэг явах харгуйгаа бүдэг болгож чадна гэсэн үг.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        