Тагнуулд баригдсан "Оюу толгой" компанийн Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу:
Тэгвэл Д.Амартүвшинг цагдан хорьсон шүүгчийн захирамжид түүний өмгөөлөгч нар гомдол гаргаж, улмаар түүнийг суллахаар болжээ.
Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Амартүвшинд “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЦХШЗ/3433 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Д.Амартүвшинд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Яллагдагч Д.Амартүвшингийн өмгөөлөгч М.Ц, Г.Г нараас 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЦХШЗ/3433дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг хянан хэлэлцээд яллагдагч Д.Амартүвшингийн өмгөөлөгч М.Ц, Г.Г нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Д.Амартүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        