Үндэсний их баяр наадам сар хүрэхгүй хугацааны дараа болох гэж байна. Өнгөрсөн жилийн /2025/ хувьд түүхт 100 жилийн тэгш ой нь тохиосон нэг аймаг, 27 сум өргөн дэлгэр наадамлаж, наадамчин олны хөл хөдөлгөөн ихтэй байсан бол энэ жил тэгш ойтой аймаг, сумдын тоо харьцангуй цөөн байна.
Одоогоор Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймгууд баяр наадмын товоо албан ёсоор зарлаад байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт сумдын баяр наадам зургаадугаар сарын 26-наас эхэлж, долдугаар сарын 7 хүртэл үргэлжлэх бөгөөд аймгийн баяр наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Тус аймагт Алтанбулаг сумын наадам хамгийн түрүүнд болох бол Баруунбүрэн, Ерөө, Орхон, Хүдэр, Цагааннуур сумдын наадам долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Өмнөговь аймгийн сумдын баяр наадам долдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд болох бөгөөд аймгийн 95 жилийн ой, баяр наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд тохионо. Мөн Цогтцэций сумын баяр наадам болон “Тавантолгой” ХК-ийн 60 жилийн ойн арга хэмжээ долдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болно. Мөн Хэнтий аймгийн сумдын баяр наадам долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аймгийн баяр наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болохоор товлогджээ. Харин Сүхбаатар аймагт сумдын наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд үргэлжлэх бол аймгийн баяр наадам долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох юм.