Шүлхий өвчний голомтод цэргийн алба хаагчид ажиллаж байна

Шүлхий өвчний голомтод цэргийн алба хаагчид ажиллаж байна

Ховд аймгийн Булган, Үенч сумдад малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэргийн алба хаагчид энэ сарын 3-наас эхлэн голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал, тус ангийн ахлах ахлагч Г.Баянжаргалаар ахлуулсан ахлах ахлагч Б.Цэрэнчимэд, Б.Гүенбаатар, ахлагч Б.Борхүү, Ч.Нямбаяр нарын таван алба хаагч өвчилсөн малыг устгалд оруулах, зөөвөрлөх зэрэг эрсдэл өндөртэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа аж. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээллээр Булган, Үенч суманд 137 өрхийн 1178 толгой мал шүлхий өвчнөөр өвчилснөөс өнөөдрийн байдлаар 980 гаруй малыг устгалд оруулаад байна. Байгалийн гамшиг, цас зуд, үер усны аюул болон хүн, малын гоц халдварт өвчний үед цэргийн алба хаагчид орон нутагт дэмжлэг үзүүлэн ажилладаг уламжлалтай. Энэ удаад ч мөн тэд өвчний голомтод ажиллаж, халдварын тархалтыг хязгаарлахад хувь нэмрээ оруулж байна.