Улсын дугаар нь 128 сая төгрөгөөр үнэлэгдэх "Lamborghini Aventador S" автомашины дэргэд зогсох залуус ямар бизнес эрхэлдэг вэ

Улсын дугаар нь 128 сая төгрөгөөр үнэлэгдэх "Lamborghini Aventador S" автомашины дэргэд зогсох залуус ямар бизнес эрхэлдэг вэ

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотын нэгэн байршилд зэрэгцэн зогссон дөрвөн Lamborghini Aventador S автомашины зураг цахим орчинд түгж, автомашин сонирхогчдын анхаарлыг татсан юм.

Эдгээр улаан, хар, цэнхэр, сувдан цагаан өнгийн эдгээр автомашины нийт үнэ, татвар, тээвэрлэлтийн зардлыг оруулан тооцвол нэг бүрийн үнэ 2-3 тэрбум төгрөгт хүрэх боломжтой. Гэвч ганганаар нүдээ хужирлаж дадсан монголчуудын анхаарлыг зураг дээрх үнэтэй автомашинууд биш, харин тэдгээрийн дэргэд зогсох залуус ямар бизнес эрхлэдэг нь илүү татаж байгаа гэхэд хилсдэхгүй ээ. 

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зураг

- ДЭЛХИЙН АВТОМАШИН СОНИРХОГЧДЫН МӨРӨӨДӨЛ БОЛСОН AVENTADOR S УЛААНБААТАРЫН ГУДАМЖИНД ЗЭРЭГЦЭН ЗОГСОЖ БАЙНА - 

Зурагт харагдах автомашинууд нь бүгд Италийн Lamborghini компанийн алдарт Aventador S загвар юм. 2017-2022 онд үйлдвэрлэгдсэн энэхүү загвар нь V12 атмосфер хөдөлгүүртэй, 740 морины хүч, 690 Нм эргүүлэх хүч гаргах чадалтай. Долоон шатлалт ISR хагас автомат хурдны хайрцаг, дөрвөн дугуйн хөтлөгчтэй уг автомашин 0-100 км/цагийн хурдыг 2.9 секундэд авч, 350 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Нүүрстөрөгчийн файбер их бие, нисэх онгоцноос санаа авсан загвар хийц, тухайн үеийн хамгийн дэвшилтэт жолоодлогын системүүдээр тоноглогдсон Aventador S нь үйлдвэрлэл нь зогссон ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна.

Өнөөдөр олон улсын зах зээл дээр ашигласан автомашины үнэ нь өнгө, техникийн нөхцөл, явсан километрээсээ хамааран 400-700 мянган ам.долларын хооронд үнэлэгддэг бөгөөд Монгол мөнгөөр тооцвол 1.4-2.5 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Харин гааль, татвар, тээврийн зардлыг нэмбэл нэг автомашины нийт өртөг 2 тэрбум гаруй төгрөгт хүрэх тохиолдол ч бий.

- ДЭД САЙДААС ЭХЛЭЭД ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХҮРТЭЛ LAMBORGHINI-ИЙН ЖОЛОО МУШГИЖ БАЙНА - 

Зурагт харагдаж буй залуучууд бизнесийн салбарт төдийгүй улс төрд ч "бужигнуулдаг", ажил албаа сайн хашиж яваа хөдөлмөрч залуус бий. Тэдний нэг нь Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд Г.Дашням юм.  Түүний эзэмшдэг хар өнгийн 7567 УАЕ улсын дугаартай Lamborghini Aventador нь 2019 онд Италид үйлдвэрлэгдэж, тухайн оны аравдугаар сарын 17-нд Монгол Улсад импортлогджээ. Энэхүү автомашины эзэн нь бизнес эрхлэгч Г.Дашням юм.

Тэрбээр Жи-Мобайл компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд Улаанбаатар хотод цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн Jet Sharing Mongolia компанийн үүсгэн байгуулагчдын нэг билээ.

Мөн "Магнай Трейд" компанийн үүсгэн байгуулагч Р.Ганзоригийн хүү гэдгээрээ олон нийтэд танигдсан. Г.Дашням ОХУ, Швейцарь, Их Британид боловсрол эзэмшсэн тэрбээр бизнесийн салбараас улс төрд хүч үзсэн шинэ үеийн төлөөллийн нэг бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байсан юм. Харин 2025 оны 12-р сараас хойш Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайдын албыг хашиж буй. 

- 128.5 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДСЭН 0001 УЕУ ДУГААР LAMBORGHINI-ИЙН ҮНЭ ЦЭНИЙГ УЛАМ ӨСГӨЖЭЭ - 

Зурагт буй улаан өнгийн 0001 УEУ улсын дугаартай Lamborghini Aventador нь 2017 онд үйлдвэрлэгдэж, 2025 оны зургаадугаар сарын 26-нд Монгол Улсад орж иржээ. Тус автомашины эзэн нь бизнес эрхлэгч Д.Нямдаваа юм. Түүнийг бизнесийн хүрээнийхэн гар утасны худалдаа, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хүн гэдгээр нь мэддэг.

Мөн АНУ-ын тавилгын брэндүүдийг Монголд нийлүүлдэг Lily брэндийн эзэн гэдгээрээ танигдсан билээ.  Түүнчлэн Д.Нямдаваагийн төрсөн ах Д.Давааням нь "Мөнх Ногоон Тал" компанийн захирлаар ажилладаг аж.

Д.Нямдаваа нэг үе сошиал орчин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт фитнес хийж байгаа зургаа нийтэлдэг байсан нь олны анхааралд өртөж түүнд "Хүрэлсүхийн хуурай дүү" гэдэг цолыг хүртээгээд амжсан. Түүнчлэн түүний унаж эдэлдэг тансаг зэрэглэлийн автомашинуудын улсын дугаар бүгд 0001 У_ _ дугаартай байдаг нь "Ерөнхийлөгчийн хүн болохоор" гэсэн хардлагыг төрүүлдэг билээ. Сонирхуулахад, 0001 YEY улсын дугаар нь автомашин сонирхогчдын дунд өндөр үнэлгээтэйд тооцогддог бөгөөд онлайн дуудлага худалдаагаар 128 сая 500 мянган төгрөгийн үнэд хүрчээ. 

"ЗАЛУУС ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ СУПЕРКАР УНАДАГ БАЙХ ЁСТОЙ " ХЭМЭЭН ЯРЬДАГ БИЗНЕСМЕН AVANTADOR УНАЖ БАЙНА - 

Цэнхэр өнгийн 0777 УБО улсын дугаартай Aventador-ийн эзэн нь "Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Ц.Батбаатар юм. Тэрбээр арван жилийн сурагч байх үеэсээ аав, ээждээ туслахын тулд бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд өнөөдөр тээвэр, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгийн менежмент зэрэг найман салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компанийг бий болгожээ.

Ц.Батбаатар нэгэн ярилцлагадаа "Supercar төрлийн машинд хорхойтой. Миний хүсдэг зүйлсийн нэг нь Улаанбаатар хотын замаар хэнээс ч ичихгүйгээр суперкар унах залуус олшроосой. Хөдөлмөрийнхөө үр шимээр хүссэн төмөр хүлгээ авч, салхи татуулан давхих нь амьдралын сайхан мэдрэмжүүдийн нэг" хэмээн ярьж байв. Түүнчлэн сар орчмын өмнө БНСУ дахь Lamborghini-ийн шоурумд зочлох үеэрээ "Монголд удахгүй Lamborghini-ийн албан ёсны шоурум нээгдэнэ гэдэгт итгэдэг. Тэр үед хулгайч биш, хөдөлмөрч залуус олноороо Lamborghini авч унадаг болсон байна гэж боддог" хэмээн ярьж байв.

Ц.Батбаатарын үүсгэн байгуулсан "Улаанбаатар Групп" ХХК нь 2006 онд "Дорнын Их Гэгээ" ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд өнөөдөр тээвэр, барилга, санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээ, лайфстайл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний групп компани болж өргөжжээ.

Тус групп нь 500 орчим ажилтантай бөгөөд газрын тосны тээвэр, барилга бүтээн байгуулалт, банк бус санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, ресторан, фитнесс зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Мөн Монгол Улсад газрын тосны олон улсын тээвэрлэлтийг эхлүүлж байсан компаниудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд томоохон орон сууц, оффисын цогцолбор төслүүд хэрэгжүүлж байгаа юм.

- ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ МОНГОЛД ОРЖ ИРСЭН ЦАГААН AVENTADOR-ИЙН ЭЗЭН ОДООГООР НУУЦ ХЭВЭЭР БАЙНА- 

Зураг дээрх автомашинуудын дундаас хамгийн их анхаарал татаж буй нь сувдан цагаан өнгийн 0008 YXK улсын дугаартай Lamborghini Aventador S юм. 2019 онд Италид үйлдвэрлэгдсэн уг автомашин ердөө долоо хоногийн өмнө Монгол Улсын гаалиар орж иржээ. 6.5 литрийн V12 хөдөлгүүртэй, 740 морины хүч гаргах энэхүү автомашины зах зээлийн үнэ ойролцоогоор 400 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Харин Монгол дахь нийт өртөг нь татвар, тээвэрлэлтийн зардлыг оролцуулаад 1.8-2 тэрбум төгрөгт хүрэх боломжтой юм.  




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө