Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутагт орших төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхны тайх ёслол өнөөдөр болж байна.
Ёслолын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Тодруулбал, хамгаалалт, зохицуулалтын үүргийг нийт 127 алба хаагч гүйцэтгэж байгаа бөгөөд үүнд 23 автомашин, найман мотоцикль, 10 морьт эргүүл дайчлагдан ажиллаж байна. Отгонтэнгэр хайрхны төрийн тахилгыг дөрвөн жил тутамд зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1995 онд зарлиг гарган сэргээсэн түүхтэй. Түүнээс хойш тус ёслолыг төрийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж иржээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, хамгаалалт, зохицуулалтын ажилд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлсэн байна.