Австралийн хамгийн том хоёр нефтийн үйлдвэрийн нэг болох Viva’s Corio-д гал гарч, бензиний үйлдвэрлэлд доголдол үүсчээ.
Viva Energy компанийн өдөрт 120 мянган баррель боловсруулах хүчин чадалтай үйлдвэрт лхагва гарагийн орой гал гарч, пүрэв гарагийн үд дундад галыг хяналтад авсан байна. Гал түймрийн улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд шалтгаан, хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Энэхүү осол Австралийн хувьд эмзэг үед тохиож байна. Учир нь тус улс түлшний хэрэглээнийхээ 80 хувийг импортоор хангадаг бөгөөд Ойрх Дорнодын зөрчил, тэр дундаа Ираны дайны нөлөөгөөр дэлхийн нийлүүлэлт тасалдаж, эрчим хүчний үнэ өсөөд буй юм. Австралийн Эрчим хүчний сайд Крис Боуэн “Энэ бол маш муу мэдээ. Гэхдээ бодит нөлөөллийг бүрэн тодорхойлоход цаг хугацаа шаардлагатай” гэж мэдэгдсэн байна.
Тус үйлдвэр нь Австралийн хоёр дахь том муж болох Виктория мужийн түлшний талаас илүү хувийг, улсын нийт хэрэгцээний 10 орчим хувийг хангадаг чухал байгууламж юм. Компанийн зүгээс бензин болон нисэхийн түлшний үйлдвэрлэлд нөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн ч импортоор хэрэгцээг нөхөх боломжтой гэж мэдэгджээ. Одоогоор үйлдвэр дизель болон онгоцны түлш үйлдвэрлэж байгаа ч аюулгүй байдлын үүднээс бууруулсан хэмжээгээр ажиллаж байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар, гэмтлийн хэмжээнээс хамааран шатахууны үнэ өсөх магадлалтай бөгөөд энэ нь Австралийн түлшний аюулгүй байдал, дотоодын нөөцийн эмзэг байдлын асуудал яригдаж байна."Viva’s Corio" газрын тос боловсруулах үйлдвэр 1100 гаруй ажилтантай. Гал гарах үед үйлдвэрт 50-100 орчим ажилтан байсан бөгөөд ослын газраас аюулгүй гарч чаджээ.
Эх сурвалж: Reuters