Манай улсад энэ жил Хятад, Итали, Тажикистаны Ерөнхийлөгч төрийн айлчлал хийх бол, Үндэсний их баяр наадмын нээлтэд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён оролцоно

Манай улсад энэ жил Хятад, Итали, Тажикистаны Ерөнхийлөгч төрийн айлчлал хийх бол, Үндэсний их баяр наадмын нээлтэд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён оролцоно

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, тэнцвэртэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой. Харин энэ бодлого Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед утга төгөлдөр хэрэгжиж, гадаад бодлого сэргэсэн гэдгийг иргэд ч, судлаач нар ч хэлдэг. 

Тэрээр сүүлийн 10–20 жил орхигдуулаад байсан Төв Ази руу чиглэсэн гадаад бодлогыг сэргээсэн гэхэд болно. Манай улс цар тахал, хүйтэн дайн, том гүрнүүдийн талцал зэрэг геополитикийн хувьд томоохон сорилттой он жилүүдэд олон тулгуурт гадаад бодлогоо эрчимтэй, тууштай үргэлжлүүлсний үр дүнд гадаад харилцаа түүхэн дээд хэмжээнд хүрч сэргээд байна. Тухайлбал, 2021 оноос хойш гэхэд манай улс НҮБ-ын гишүүн 192 оронтой бүгдтэй нь дипломат харилцаа тогтоогоод буй. 

Гадаад харилцаа түүхэн дээд хэмжээнд хүрэхэд голлон нөлөөлсөн нэг хүчин зүйл бол төрийн дээд айлчлалууд. Тодруулбал, манай улс 2024 онд есөн удаа төрийн болон албан ёсны айлчлал хүлээн авсан нь түүхэндээ хамгийн олон айлчлал хүлээн авсан жил болсон. Харин 2025 онд өмнөх он жилд олсон ололт, амжилтаа бататгаж, харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, улам өргөжүүлэн хөгжүүлсэн, гадаад харилцааны тэнцвэртэй бодлогыг хангасан жил болж өнгөрсөн билээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Турк, Чех, Польш, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Итали, Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийсэн.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлж, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, Ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцсон юм. Харин манай улсад Узбекистан, Туркменистан, Австри, Австралийн төрийн тэргүүн, Японы Цог Жавхлант Эзэн хаан нар төрийн айлчлал хийсэн билээ.

Эдгээр айлчлалын үр дүнд ОХУ, БНХАУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь зөвхөн улс төрийн гэрээ бус, эдийн засаг, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдалд Монголын байр суурийг бэхжүүлдэг хамгийн чухал хэлхээ холбоо юм. Мөн АНУ-тай “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Японтой “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Герман, Солонгос, Казахстан, Турк, Энэтхэг, Итали-тай “Стратегийн түншлэл”, Чех, Узбекистан, Киргизтэй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоогоод байна. Эдгээр айлчлалаас хамгийн их анхаарал татсан олон улсын айлчлал бол Ромын Пап Францис 2023 онд ирсэн явдал билээ. Энэ айлчлал нь Монгол Улс шашны олон урсгалыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг цөөн улсын нэг байсаар ирсэн гэдгийг олон улсад батлан харуулсан үйл явдал болсон юм.

Тэгвэл энэ онд ч манай улсын гадаад харилцаа идэвхтэй үргэлжилнэ.

Тухайлбал, Энэ онд манай улсад БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Бүгд Найрамдах Итали улсын Ерөнхийлөгч Сержо Матарело, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар төрийн айлчлал хийнэ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын үеэр Ерөнхийлөгчийн урилгаар бусад улсын хаад төрийн дээд айлчлал хийдэг жишиг тогтоод буй. Тухайлбал, 2024 оны Үндэсний их баяр наадмын нээлтийг Бутаны Цог Жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук үзэж сонирхож байсан. Харин өнгөрсөн онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар наадмын нээлтийг сонирхсон байдаг.

Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийг сонирхох аж.

Олон улсын төрийн дээд айлчлалуул нь тухайн улсад зөвхөн улс төрийн хэлэлцээ, гэрээгээр хязгаарлагддаггүй. Харин Монгол Улсыг дэлхийд таниулж, эдийн засаг, соёл, аюулгүй байдал зэрэг олон талын ач холбогдлыг бий болгож, улс орны нэр хүндийг бататгадаг зүйл юм.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө