Сүүлийн үед орчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй зарим чөлөөт уран бүтээлчдэд зориулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зөвлөмж гаргалаа.
Тухайлбал, зарим чөлөөт уран бүтээлчид бүдүүлэг, доромж утга бүхий үг хэллэг ашиглах, хүүхэд, өсвөр үеийнхнийг дээрэлхэл, садар самуунд уриалсан шинжтэй, нийгмийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх утга агуулга бүхий бүтээлийг шоу тоглолт, арга хэмжээний үеэр дуулах, цахим орчин болон олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг зөрчил нэмэгдэж байгааг анхааруулсан юм.
Ингэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, холбогдох хуулийн хүрээнд дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Үүнд:
- Бүдүүлэг, доромж, садар утгатай үг хэллэг хэрэглэхээс зайлсхийх
- Ёс зүйд нийцсэн, хүчирхийлэл, мансууруулах бодис сурталчлаагүй контент бүтээх
- Хүүхэд, өсвөр үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлэх, ялгаварлан гадуурхах агуулгаас татгалзах
- Үндэсний соёл, уламжлалыг үл хүндэтгэсэн илэрхийллээс зайлсхийх
- Контентын нийгэмд үзүүлэх нөлөөг харгалзан уран бүтээлчийн хариуцлагыг баримтлах
- Оюуны өмчийн эрхийг хүндэтгэх
- Эерэг хандлага, соёлын боловсролыг дэмжсэн уран бүтээл туурвих
Мөн уран бүтээлчдийг үндэсний соёл, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, өсвөр үеийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх контент бүтээхийг уриалжээ.