“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийг тохиодуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүн нэгдсэн тооллого явууллаа.
Бүтцийн нэгжийн дарга нар тооллогыг явуулж, Хуурай замын цэргийн командлагчид илтгэл өгсний дараа бие бүрэлдэхүүн Цэргийн тангараг давтаж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв. Цэргийн тангараг давтсаны дараа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр нар албан тушаалын зэрэглэлийн дагуу цэргийн цол нэмж, батлан хамгаалах салбарын шагналаар шагнагдсан бүрэлдэхүүнд одон медаль гардууллаа.
“Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Цэргийн алба, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн цэргийн алба, хөдөлмөрийн аюулгүй байдлын офицер, хошууч Б.Уранбаатар дэд хурандаа цол, Хүний нөөцийн хэлтсийн тоо бүртгэлийн офицер ахлах дэслэгч А.Жавзанпагмад ахмад цол, Удирдлагын байрын авто техникийн тасгийн засварчин-жолооч, ахлах ахлаагч Э.Мөнхбаатарт сургагч ахлагч цол, Удирдлагын байрын хамгаалалтын салааны пулемётчин-ахлах харуулчин ахлагч А.Батмөнх, нисгэгчгүй нисэх хэрэгслийн оператор, ахлагч Т.Өсөхбаяр нарт ахлах ахлагч цол, Захиргааны удирдлагын хэлтсийн олшруулах машины оператор дэд ахлагч Б.Дарханзул, Удирдлагын байрны салааны буудагч дэд ахлагч Б.Баттулга нарт ахлагч цол тус тус олгогдсоныг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Үргэлжлүүлэн командлалд шинээр томилогдсон бүрэлдэхүүний “Хуурай замын цэргийн командлалын ажилтны тангараг” өргөх ёслол болж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”-ээр Цэргийн алба, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Г.Отгонбаяр, “Дайчин алдар II” медалиар Цацраг, хими, биологиос хамгаалахын офицер хошууч Б.Отгонжаргал, ЗХЖШ-ын даргын тушаалаар ЗХЖШ-ын “Жуух бичиг”-ээр Удирдлагын байрны хамгаалалтын салааны тасгийн захирагч ахлах ахлагч М.Мөнхтулга нар шагнагдсаныг хошууч генерал Ч.Цогтжаргал, бригадын генерал Ц.Буяндэлгэр нар гардуулан өглөө.
Ёслолын арга хэмжээний төгсгөлд хошууч генерал Ч.Цогтжаргал “Цог хийморийн бэлэгдэл, эрхэмлэх шүтэх Байлдааныхаа тугийн дор эгнэн жагссан эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Эзэн Богд Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш өнөөдөр 105 жилтэй золгож байна.
Түүхт баярын энэ өдөр Байлдааныхаа тугийн дор жигдрэн жагссан эрхэм та бүхнээс эхлээд алс холын Дорнодын хязгаар, Ховдын хороонд алба хааж байгаа 18 настай эгэл жирийн байлдагч хүртэлх бүх дайчин нөхдөдөө баярын мэнд хүргэе. Монгол цэргийн түүхэн алдар, гавьяат үйлсийг эрхэмлэн нандигнаж, бахархам үйлсээрээ баяжуулан, нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн алба хааж буй хамтран зүтгэгч Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн баяр хүргэж, бүрэлдэхүүн уухай хадааж, дурсгалын зураг татууллаа.