У.Хүрэлсүхийн "үнэн хэлсэн" бол Дархан-Уул аймагт Б.Баттөмөр, Б.Жавхлан нар нэр дэвшихгүй нь

У.Хүрэлсүхийн "үнэн хэлсэн" бол Дархан-Уул аймагт Б.Баттөмөр, Б.Жавхлан нар нэр дэвшихгүй нь

Жил гаруйн өмнөөс ил болж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн “ЖДҮ-гийн хэрэг”-т эрх баригч МАН-ын УИХ-ын ихэнх гишүүн холбогдсон байдаг. Тэгвэл УИХ дахь  МАН-ын бүлгийн өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар банкны салбарын реформ,  зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх үеэр тус хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан УИХ-ын гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдгээ албан ёсоор  мэдэгдсэн гэх мэдээлэл гарсан.

Харин ЖДҮХС-ийн зээлд холбогдсон МАН-ын гишүүд дотроос Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь олонхын саналаар чөлөөлсөн.

Иймд 2016-2020 оны парламентад 49 ЖДҮ-чин гишүүн байсан бол, энэ тоо буурч 48 ЖДҮ-чин гишүүн үлдлээ гэх иргэд олон байна.

-ДАРХАН-УУЛ АЙМГААС 2016 ОНД СОНГОГДСОН УИХ-ЫН ГУРВАН
ГИШҮҮН ЖҮДХС-ИЙН ЗЭЭЛД НЭР ХОЛБОГДЖЭЭ-

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дээрх мэдэгдэл биеллээ олбол 2016 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Д.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа нар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихгүй нь бололтой. Учир нь зарим хэвлэлд дээрх УИХ-ын гурван гишүүн ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдсон байж болзошгүй талаар мэдээлэл гарчээ.

-УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР-

Учир нь УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Б.Баттөмөрийн 80 хувь эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны аравдугаар сард 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийн зээл авсан гэдэг мэдээлэл бий. Тодруулбал Мондем ХХК-ийг Б.Аюуш, Ойнбирж гэх компани эзэмшдэг бөгөөд Ойнбирж ХХК-ийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 100 хувь эзэмшдэг. Харин Б.Баттөмөр гишүүн АТГ-д жил бүр мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-тээ Мондем ХХК-ийн 80 хувь, Ойнбирж ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлж байжээ.

-УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН-

Мөн УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Б.Жавхлан ЖДҮХС-гаас “Пример инвестмент групп” ХХК-д 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байжээ. Өөр нэгэн ноцтой баримт нь Б.Жавхлан гишүүн АНУ-д суралцаж байхдаа танилцсан, Монголд ирээд түүний туслахаар ажиллаж байсан С.Төгсбилэг гэх залууг ЖДҮХС-гийн захирлаар томилуулсан гэж мэдээлжээ.

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА-

Тэгвэл УИХ-ын гишүүн (Дархан-Уул аймгаас сонгогдсон) Д.Хаянхярваа “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-нд ЖДҮХС-аас 900 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн гэх баримт хэвлэлд гарчээ. Тодруулбал, тэрээр “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл хэвлэлд гарчээ.

Тодруулбал, “2018 оны хавар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрөө ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт дэмжих шаардлагатай компаниудын нэгээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн гэх “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн нэрийг хэлжээ. Түүнийх нь дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ЖДҮХС-гийн Зээл, төслийн хэлтсийн дарга Ж.Баасандоржийн гар утас руу залгаж, “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн талаар хэлж сануулсан байна. Тухайн үед ЖДҮХС-гийнхан “Д.Хаянхярваа гишүүн хаанаас утасны дугаар олчихов оо” гэж ихэд гайхсан байгаа юм” гэж тус мэдээлэлд тодотгожээ.

Мөн Д.Хаянхярваа гишүүн Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүхийн ах Г.Эрдэнэбулганы нэр дээр байгуулсан “Сонголон Хайрхан” ХХК ЖДҮХС-гаас 750 сая төгрөгийг зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл ч гарсан байна.