Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ажилласан Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг нэгдсэн дүгнэлтээ гаргажээ. Дүгнэлтэд Оросын тал төслийг зарчмын хувьд дэмжиж буйг тусгасан бөгөөд хоёр улсын эрдэмтдийн баг холбогдох протоколд гарын үсэг зурсан байна.
Хамтарсан судалгааны баг тайлангаа 11 дүгээр сарын 18-нд ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Улмаар тус академиас хоёр улсын Засгийн газарт судалгааны тайлан, дүгнэлтийг хүргүүлэх юм. Ингэснээр олон арван жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг бодит ажил болгох дараагийн шатны хэлэлцүүлэг өрнөх боломж бүрдэж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ.