УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн Т.Доржханд гэх нөхөр Төрийн ордонд пүүзтэйгээ таварган орж, түр үнэмлэхээ гардан авч байлаа. Магадгүй олон нийт түүнийг энэ үйл явдлын дараа л илүүтэй таньж авсан байх. Үүний дараа тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намыг удирдан оролцож, найман суудалтай болгосон. Улмаар Засгийн газарт орж, Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон билээ.
- "Т.ДОРЖХАНД 2027 ОНД 8.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР ТӨСӨВТ ТУСГАЖЭЭ" -
Т.Доржханд төрийн худалдан авах ажиллагаа, түүний эрхлэх асуудлын хүрээнд төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд багтдаг байна. Дээрх байгууллагууд нь жилд 365.9 сая төгрөгийг улсын төсөвт нэмэрлэдэг бөгөөд эргүүлээд 8.4 тэрбум төгрөг захиран зарцуулдаг ажээ. Тодруулбал, 2026 онд 5.8 тэрбум төгрөгөөр батлагдсан Шадар сайдын төсөв 2027 оны төсвийн төсөлд даруй 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирсэн байна. Үүнээс Монополын эсрэг газар 2.8 тэрбум, Төрийн худалдан авах ажиллагааны газар 2.6 тэрбум, Хөрөнгө оруулалт, худалдааны газар 2.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчид өөрсдийн захиран зарцуулах хөрөнгийн хэмжээг төсвийн төсөлд тусгуулдаг байж магадгүй. Харин тэдгээр зардал хэр үндэслэлтэй, төрд ямар өгөөж авчрах вэ гэдэг нь анхаарах ёстой асуудал юм.
Тодруулбал, Т.Доржханд сайдын томилолт, зочны зардал 2026 оны төсвийн тодотголоор 54 сая төгрөг байсан бол 2027 оны төсвийн төсөлд 441.8 сая төгрөг болж өсжээ. Ингэснээр уг зардал нэг жилийн дотор 387.8 сая төгрөгөөр буюу ойролцоогоор 718 хувиар нэмэгдэхээр байна. Энэ нь анхаарал татахуйц өсөлт мөн.
- "Т.ДОРЖХАНД САЙД ЕР НЬ МОНГОЛД АЖИЛЛАХ ЮМУУ" -
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хатуу байр суурь илэрхийлсэн билээ. Тэрбээр “Энэ Т.Доржханд сайд Монголд, энэ яаман дээр ажлаа хийх юм уу, үгүй юм уу гэсэн асуудал яригдаж байна. Ингэж зардлуудаа өсгөсөн юм чинь улсын төсөв 10 их наядаар илүү гаралгүй л яахав дээ” хэмээн шүүмжилжээ.
ВИДЕО:
Харин Шадар сайд Т.Доржханд өчигдөр /2026.10.10/ мэдээлэл хийж, зардал нэмэгдсэн шалтгаанаа тайлбарлав. Гэвч түүний тайлбар шинэ асуултуудыг ч дагуулаад амжлаа. Тэрбээр өөрийн эрхлэх асуудлын хүрээний гурван агентлагийг дурдаад, гадаад томилолт болон хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд зарцуулах төсвийг нэмэгдүүлэх шаардлагатайг тайлбарлажээ. Ингэхдээ “Монгол Улсыг сурталчилан таниулж, хөрөнгө оруулалт татах зорилготой маш бага зардал байгаа. Төсөв нь 260 сая төгрөг, ажилчдын гадаад явах томилолтын зардал гэж 400 гаруй сая төгрөгийн төсөв тавигдсан. Монгол Улс бүс нутагтаа том тоглогч байх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан, дата төв гэх мэтийг хөрөнгө оруулалт, уулзалт дээр ярьдаг юм. Тэгвэл өөр бусад гишүүд англиар илтгэл тавиад үз л дээ” гэв.
ВИДЕО:
- 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАРТ 2.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ -
Түүний ярианаас "Хувийн секторууд гадаадад очоод хэлэлцээр хийж чаддаггүй. 2026 оны байдлаар хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээд байна. Том хэмжээний төслүүд удаан хэрэгждэг. 2040 он гэхэд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар ажиллаад явж байна" гэсэн үг нь чих сортосхийлгэлээ. Учир нь 2.9 тэрбум төгрөгийн төсөвтэй хөрөнгө оруулалт, худалдааны газар нь 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авчрах юм бол энэ газар цаашид байх шаардлагатай юу гэсэн асуулт ургаж байна. Тэр ч байтугай энэ ажлыг хийж хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй Гадаад хэргийн сайдын албан тушаал байсаар атал Т.Доржханд гишүүн заавал "гуравдагч Шадар сайд"-ын албан тушаалыг үүсгэн үүсгэн ингэж явах хэрэгтэй юу. Тэр бол Монголын УИХ-ын “гуравдагч улс төрийн хүчин” -ий дарга, “гуравдагч Шадар сайд”. Ийм албан тушаалтай хүн очиж уулзан хөрөнгө оруулалтын талаар ярихад нь итгэж мөнгөө өгөөд, цаашид олон жил тогтвортой хамтарч ажиллах гэрээ байгуулах хүн бас олон биш болов уу. Сүүлдээ "Ноёны суудалд ойрхон түшмэлийг бүү суулга" гэдэг шиг Шадар сайдын суудлаас "Гадаад хэргийн сайдын ажил" хийж явсаар нэг л өдөр "Би англи хэлтэй учир намайг Гадаад хэргийн сайд болго" гэхгүй байгаа даа.