Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалсан 2026 оны төсвийн тодотгол батлагдлаа

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалсан 2026 оны төсвийн тодотгол батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ВИДЕО: 

Тэрбээр “Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан тодотгол боллоо. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа. Төсөв бол таны татварын мөнгө өө. Төсөв бол улс орон, айл өрхүүдийн амьдрал ахуй. Тийм ч учраас та бүхэндээ 2026 оны улсын төсвийн тодотголын онцлох  шийдвэр,  үр дүнг танилцуулъя.

"ТЭТГЭВЭР АВАГЧ БҮР САР БҮХЭН 100-ААС 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН СУУРЬ ТЭТГЭВРИЙГ ОЛГОНО"

НЭГ. 435 мянган ахмад настанд суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. 435 мянган ахмад настан 11 дүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ ээ. Энэ бол анх удаа ахмад настны амьдралын баталгаа болгон нэвтрүүлж байгаа шинэ төрлийн тэтгэвэр, Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн хэрэгжилт юм. Тэтгэвэр авагч бүр сар бүхэн 100-аас 300 мянган төгрөгийн суурь тэтгэврийг олгоно оо. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнуудаа үнийн өсөлтийн өмнө орхих учиргүй ээ. Өнөөдөр 10 ахмад настны 7, 769 мянга буюу доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Илүү олон жил төлсөн, илүү шимтгэл төлсөн мөртөө бага тэтгэвэр авч байгааг өөрчлөхийн төлөөх хүн бүрд шууд мэдрэгдэх бодит алхам болж чадлаа. Илүү олон жил төлсөн нь илүү авч, хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх тогтолцооны шинэчлэлийн эхлэл юм аа. Шинэ оны эхний өдрөөс үнийн өсөлтийг харгалзан тэтгэврээ ахиад нэмнэ гэдгийг дуулгая аа.

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 26%-ААР НЭМЛЭЭ"

ХОЁР. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдад 29.7 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг 11 дүгээр сарын 1-нээс 26%-аар нэмлээ. Сард 600 мянган төгрөг боллоо. Асаргааны тэтгэмжийг 12%-аар нэмж, 370 мянган төгрөг болголоо. Давхардсан тоогоор 171.4 мянган хүн хамрагдана аа. 11, 12 дугаар сард 29.7 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүнээ бодож, санал санаачилгатай ажилласан УИХ-ын эрхэм гишүүн Баясгалан, Саранчулуун нарт талархал илэрхийлье ээ.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНД 170.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЛӨӨ

ГУРАВ. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд 170.1 тэрбум төгрөг, багш, ажилтны цалинг санхүүжүүлэхэд 674.5 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний салбарынхан маань анхаарал хандуулахыг хүсье ээ. Өмнө нь өөр хоорондоо ялгаатай нэмэгдсэн цалинг жигд 50% байлгахад 170.1 тэрбум төгрөг төсвийн тодотголоор хуульчлан батлагдлаа. Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдэж чадлаа. Нэмэгдсэн цалингаас нь нэмэгдэл хөлсийг тооцох нэгдсэн системд ийнхүү бүрэн шилжлээ.

"МАХ, ГУРИЛ, НОГОО, ШАТАХУУНЫ НӨӨЦӨД 140.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨЛӨӨ"

ДӨРӨВ. Мах, гурил, ногоо, шатахууны нөөцөд 140.9 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. Улс орон чухал өдөр тутмын амин чухал хоол хүнсний хэрэгцээгээ нөөцөлж чаддаг байх ёстой. Үнэ нь өсөж, ховордож, тасалдаж доголдох үед нь гаргаад хэрэглэдэг, үүдтэй нөөцтэй байх нь өрхийн цалин, тэтгэвэр, орлогыг хамгаалахад өндөр ач холбогдолтой. Ирэх онд анх удаа 20 мянган тонн мах, 12 мянган тонн ногоо, 100 мянган тонн улаан буудайг нөөцлөх болно оо. Гурван сарын шатахуунаа хадгалах савтай ч болно.

"ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛД ЗОРИУЛЖ 186.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨЛӨӨ"

ТАВ. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд зориулж 186.2 тэрбум төгрөгийг төсөвлөлөө. Импортын цахилгаан үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд ногдуулахгүй байхад 107.3 тэрбум төгрөгийн татаасыг олгоно оо. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд нийтдээ 78.9 тэрбум төгрөгийг хуваарилж, Их хурлаар батлууллаа. Энэ бүхэн бол өвлийн оргил ачааллын үед системийн найдвартай ажиллагааг хангахад зориулагдаж байгааг дахин хэлье ээ.

"ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ТАТВАР ТЭГЛЭСНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ"

ЗУРГАА. Шатахууны импортын татварыг тэглэснийг үргэлжлүүлэх болно оо. Монгол Улс өнөөдөр өөрөө шатахуун үйлдвэрлэдэггүй, өрөөл бусдаас 100% хамааралтай боловч боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах нь төрийн үүрэг юм аа. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэлээ. Хилээр нэвтрэх, тээвэрлэх, хадгалах хүчин чадлаа нэмж байгаагаа үргэлжлүүлэх болно. Шатахууны хомсдол, үүнээс үүдэх үнийн огцом савлагааг хязгаарлах бодлого, шийдэл бол энэ юм аа, иргэд ээ.

Төрийн өмч бол иргэн таны өмч. Иргэн таны амьдралд ашиг тус нь илүү мэдрэгдэж байх ёстой. ТӨК-уудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх зэргээр иргэндээ зориуллаа. ТӨК-уудын тээвэр, шатахуун, тавилга, хогшил, машин тэрэг, гадаад, дотоод томилолт, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ, сургалт зэрэг зардлыг бүгдийг нь хязгаарлалаа. Урсгал болон хөрөнгийн зардлаас 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг чөлөөлж байна аа. Чөлөөлөгдсөн зардлыг өрхийн орлого, нийгмийн хамгаалалд зарцуулах болно оо. Өмчийн жинхэнэ эзэд нь болсон иргэддээ ТӨК-уудын үр ашгийг өсгөж зориулах нь нэг удаагийн ажил биш ээ. Хувьцааг нь мэргэжлийн удирдлагатай, олон нийтийн хяналттай болгож үнэ цэнийг нь өсгөх, зөвхөн үр ашиг, өгөөжөөр нь ажлыг нь хэмжих шинэ үе, шинэ шатад шилжих эхлэл тавигдлаа.

Төсвийн сахилга бат, сайн хяналттай байхын хэрээр үр өгөөж нь иргэндээ хүрч, хүндээ зориулагдах учиртай. Төсвийн мөнгө бол дарга, сайд нарын мөнгө биш. Төсөв бол хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийн төлсөн татварын мөнгө.

Иймд улс, орон нутгийн төсөвт сахилга, дэг журмыг нэгэн зарчмаар бүрдүүлэх болно. Орон нутгийн урьд оны төсвийн үлдэгдлийг зарцуулах нь улсын нэгдсэн төсвийн нийт зарлага улсын төсвийн тусгай шаардлагад нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул улсын төсвийн хүрээнд барьж уялдуулахаар шийдвэрлэлээ. Орон нутгийн бие даасан байдлыг хадгалахын хамт төсвийн зарлага хяналтгүйгээр тэлэх боломж дахин олгохгүй. Ард түмний элч төлөөлөгчдийн ёсоор хүнээ бодож, үзэл бодол, байр суурь, ухаан мэдлэгээ уралдуулж, 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан УИХ-ын дарга Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Наранбаатар, улс төрийн нам, эвслийн бүлгүүд, УИХ-ын эрхэм гишүүдэд талархал илэрхийлье ээ. Төсөл боловсруулах, хэлэлцэхэд хичээн зүтгэсэн төрийн албан хаагчид, хуулиар хүлээсэн үүргээ сахиж ажилласан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газарт талархал илэрхийлье ээ. Бүтээлч санал бодол гаргасан эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, улс төр биш ажил хийхийг уриалан шаардсан эрх чөлөөний мэдрэмжтэй иргэн бүрдээ талархаж байна аа. Төсвөө иргэддээ зориулахын төлөө хамтран ажилласан хүн бүрд баярлалаа. Тулсан бэрхшээлийг хамтдаа туулж давцгаая. Монголын заяа их ээ” гэлээ.