МАН-ЫН БҮЛЭГ: Санаатайгаар халдвар тараах, оргон зугтах, шаардлагыг зөрчвөл өндөр торгож, баривчилна

МАН-ЫН БҮЛЭГ: Санаатайгаар халдвар тараах, оргон зугтах, шаардлагыг зөрчвөл өндөр торгож, баривчилна

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн байна. 

Тодруулбал, Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийг тодорхой болгох, коронавирусийн үед хэрэгжүүлэх бие даасан хууль батлахыг дэмжжээ. Мөн ноолуур, үр тарианы салбар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг  дэмжихэд чиглэсэн шийдвэрийг гаргасан байна. 

УИХ-ын сонгууль зургадугаар сард болох учраас гишүүд тавдугаар сард УИХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлагатай байна хэмээн тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.

Тэрбээр "Үндсэн хууль хэрэгжиж эхлэхэд шаардлагатай 40 гаруй хууль бий. Түүнийх нь 10 гаруй хуулийг бид хэлэлцэж батлах шаардлагатай байна. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Аудитын тухай хууль, Хөгжлийн удирдлагын хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны тухай хууль зэрэг 10 гаруй хуулийг тавдугаар сардаа багтаан хэлэлцэхээр боллоо" гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Коронавирустай холбоотойгоор нэг удаа хэрэгжих бие даасан хууль батлахтай болсонтой холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хорио, цээрийн дэглэм цуцлагдсан үед  хүчингүй болох нэг удаагийн хууль баталж гаргаж байна. Шинээр эрх зүйн орчин бүрдүүлэх нөхцөл байдал үүссэн.

Тодруулбал, ДЭМБ-аас дэлхий нийтээр цар тахал дууссаныг зарласан өдрийн 00.00 цагт нэг удаагийн хуулийн төслийг хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусна. Хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг чангатгаж байна.

Санаатайгаар халдвар тараах, оргон зугтах, шаардлагыг зөрчих, хүнийг арьс өнгө, халдвар авснаар ялгаварлан гадуурхах нөхцөл үүсэхгүй байх зохицуулалтыг тусгасан. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд өнөөг хүртэл өндөр ачаалалтай ажиллаж байна. Тиймээс илүү цагийн цалин хөлсийг хуульчлах, орон сууцны зээлийг онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зохицуулалт орсон. Торгуулийн арга хэмжээ нэлээд өндөр тогтоож хуульчилсан, мөн Эрүүгийн хуулиар баривчлах, ял оноох хэмжээний чанга заалттай байна. Манай хоёр хөршид халдварын тархалт өндөр хэвээр байна. Болзошгүй аюулыг хохирол багатай давах, дотооддоо халдвар тархаахгүйн тулд тусгай хууль батлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжлээ” гэв