УИХ-ын гишүүн Д.Батбаяр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад Д-Парламентад албан ёсоор байршуулсан байна. Тус хуулийн төслийн гол зорилго нь "хэсгийн ахлагч" гэх ажлын байрыг халах юм. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
-“ХЭСГИЙН АХЛАГЧ" ГЭХ АЖЛЫН БАЙР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС НЭГЖ-
Хуулийн төслийн өөрчлөлтөд тусгаснаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт байгаа “Дарга, хорооны хэсгийн ахлагч нараас” гэсэн заалтыг “даргаас” гэж өөрчлөхөөр тусгажээ. Ингэснээр Үндсэн хуулийн засаг захиргааны бус нэгжид томилсон "хэсгийн ахлагч" гэх орон тоог хална гэсэн үг юм. Уг нь Үндсэн хуульд засаг захиргааны бүтцийг тодорхой заасан байдаг. Тодруулбал, Аймаг-сум-баг, нийслэл-дүүрэг-хороо гэсэн гурван шатлал бүхий тогтолцоог хуульчилсан атал “хэсэг” гэх бүтэц бий болгосон нь Үндсэн хуульд заагаагүй нэгжийг үүсгэсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, нийслэл-дүүрэг-хороо гэсэн гурван шатлал дээр дахин нэг шатлал нэмэгдэж, иргэдийн хувьд хэнд хандах нь тодорхой бус болоод байна. Энэ нь засаг захиргааны тогтолцооны зарчмыг сулруулж, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж хууль санаачлагч үзжээ.
Мөн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хууль, шийдвэр Үндсэн хуультай нийцэх ёстой атал НИТХ-аас бий болгосон энэхүү статус нь Үндсэн хуультай нийцэхгүй байгаа талаар бид өмнө нь ч мэдээлсэн.
-ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТГҮЙ ЯВЖ БАЙНА-
НИТХ 2022 онд “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журам”-ыг баталж, "хэсгийн ахлагч" гэх ажлын байрыг бий болгосон. Гэвч энэхүү журам нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт хэлбэрээр бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэсгийн ахлагч нарын эрх, үүрэг, хариуцлага хууль зүйн хувьд бүрэн тодорхой биш, маргаантай орчинд хэрэгжиж байна гэсэн үг. Ийм нөхцөлд төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй хүмүүсийн үйл ажиллагаа тодорхой хяналт, хариуцлагын тогтолцоонд багтахгүй байгаа нь өөрөө ноцтой асуудал.
Хамгийн сүүлийн үеийн нээлттэй мэдээллээр нийслэлийн есөн дүүргийн 2.037 хэсэгт 1.915 хэсгийн ахлагч ажиллаж байна гэх тоо баримт бий. НИТХ-ын 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр тэдний сарын урамшууллыг нэг сая төгрөгөөс 1.2 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.
Ингэснээр сар бүр ойролцоогоор 2.3 тэрбум төгрөгийг зөвхөн хэсгийн ахлагч нарт олгож байгаа бөгөөд жилдээ энэ дүн 30 тэрбум төгрөгт хүрдэг байна.
Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгжийн бус, эрх зүйн үндэс нь маргаантай энэ албан тушаалд ийм хэмжээний төсөв зарцуулж байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэх хүчтэй шүүмжлэлийг дагуулж буй.
-ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ҮҮРГИЙГ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГҮЙЦЭТГЭХ ЁСТОЙ-
Асуудал зөвхөн бүтэц, төсвөөр хязгаарлагдахгүй. Хэсгийн ахлагч нар иргэдийн хувийн мэдээлэлтэй харьцдаг. Гэвч тэд төрийн жинхэнэ албан хаагч биш, гэрээгээр ажилладаг хүмүүс. Төрийн албаны тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд үзвэл, иргэдийн мэдээлэл цуглуулах, боловсруулах зэрэг төрийн үндсэн чиг үүргийг тодорхой хариуцлага хүлээдэг төрийн албан хаагч гүйцэтгэх ёстой. Харин гэрээт ажилтны хариуцлагын тогтолцоо сул, зохицуулалт тодорхой бус байгаа нь иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл бүрдүүлж байгаа юм.
Үүний нөгөө талд хэсгийн ахлагч нарын эрхийн асуудал ч хөндөгдөнө. Учир нь тэд төрийн албан хаагч биш тул хорооны Засаг дарга өөрийн үзэмжээр томилж, чөлөөлөх боломжтой байдаг. Энэ нь улс төрийн нөлөөлөлд амархан өртөх нөхцөл бүрдүүлж буй.
Хэрэв Үндсэн хуультай нийцэх эсэх нь эргэлзээтэй, эрх зүйн үндэс нь албажаагүй, улс төрийн нөлөөлөлд автах боломжтой ийм статусыг цаашид хэвээр үлдээвэл хууль дээдлэх зарчим алдагдаж, төрд итгэх иргэдийн итгэл буурах эрсдэлтэй. Цаашлаад авлига, ашиг сонирхлын зөрчил нэмэгдэх нөхцөл бүрдэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал 2027 оны 01 сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.