Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ оны нэгдүгээр сарын 04 /2026.01.04/-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан билээ.
-М.БАТЧУЛУУН ГЭГЧИЙГ 12 ЖИЛЭЭС БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛТАЙ ЗҮЙЛ АНГИАР ЯЛЛАЖЭЭ-
Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хөрш айлынх нь 48 настай, эрэгтэй М.Батчулуун гэгчийг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар прокуророос М.Батчулуунд холбогдох хэрэгт 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 6-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогджээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 10.1-3 буюу бага насны хүүхдийг алах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.