УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрээ танилцуулж байна. УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах хууль, тогтоолын төсөл, үзэл баримтлал, дарааллыг хэлэлцлээ.
Тухайлбал, Бизнесийн эрх чөлөөний тухай, Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулиудыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжсэн талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал онцлов.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд олон жил ажилласан бол илүү тэтгэвэр тогтоох, баталгаат тэтгэврийн зохицуулалтыг тусгах зорилготой хуулийн төсөл юм. Хуулийг шинэчилснээр тэтгэврийн насны 504 мянган иргэний тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхээр хуульд тусгасан байна. Мөн тэтгэврийн хуримтлал, хувийн нэмэлт тэтгэврийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, хүнд суртлыг бууруулж, цахимжуулах нь бизнесийн эрх чөлөөг олгох чухал хууль гэдгийг онцлов. Түүнчлэн Уур амьсгалын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай гэлээ. Хуулийг баталснаар эрчим хүчний өөрчлөлт, ногоон хөгжлийг дэмжих гарцыг нээнэ гэв. Мөн УИХ-ын тухай хууль, Татварын тухай хуулиудыг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд дэмжлээ. Газрын тосны тухай асуудлыг хэлэлцэж, газрын тосны үйлдвэрт шаардлагатай түүхий тос олборлолтыг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Анх байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэх, жилд олборлох түүхий газрын тосыг 1.5 сая тоннд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Энэ нь манай улсад байгуулж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай газрын тосны хэмжээтэй дүйж байгаа гэв. Цаашид нэмэлт хөрөнгө оруулалт хийж, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх асуудал үүнд багтаж байгаа аж.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганыг ирэх сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлүүлж, завсарлуулах урьдчилсан тооцоотой ажиллаж байна. Нэгэнт хаврын чуулган завсалах хугацаа дөхсөн учир УИХ-ын түвшинд хэлэлцэж буй чухал хуулиудаа батлахад анхаарч ажиллахаар тогтлоо. Ингэснээр эдийн засаг, нийгэмд ач холбогдолтой юм. Тухайлбал, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль, татварын багц хуулийг дурдаж болно. Эдгээр хууль батлагдснаар 2.2 их наяд төгрөгийн ачаалал буурна. Мөн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батална” гэв.