БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна.
Өчигдөр тус тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тэд Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын багийг тус тус буулган авсан бөгөөд энэ сарын 28-нд Итали улсын багтай өрсөлдөх юм. Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж буй бөгөөд өмнө нь ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.
Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байгаа юм.