Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2026.10.08/ хуралдаанаар 2027 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэгийн Т.Доржхандын томилолтын зардлын талаарх мэдээлэл нь анхаарал татсан юм. Тэрбээр "Тэргүүн шадар сайд Т.Доржханд та Монголдоо, яамандаа ажиллах юм уу, үгүй юу. Дэлхийд таны гишгээгүй газар үлдсэн юм уу. Гадаад томилолтын зардал нь 718 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл дотоод томилолтын зардал байхгүй байна. Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалттай холбоотой олон чухал ажил бий. Гадаад томилолтод ийм хэмжээний зардал төсөвлөж байгаа бол түүний үр дүн, улс орны эдийн засагт үзүүлэх бодит өгөөжийг тодорхой тайлбарлах шаардлагатай. Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад томилолт тодорхой зорилготой, хэмжигдэхүйц үр дүнтэй байх ёстой. Тиймээс энэ зардлыг ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн, өмнөх томилолтууд ямар үр дүнд хүрсэн талаар тайлбар өгөх шаардлагатай" гэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Шадар сайд Т.Доржханд үүнд хариу тайлбар өгчээ. Тэрбээр гадаад томилолтын зардал 718 хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг няцааж, ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээнд 150 орчим Японы компани оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд 300-400 сая төгрөгийн төсөв тусгасан гэв. Түүнчлэн хөрөнгө оруулалт авахын тулд тухайн улсад нь очиж, хамгийн том хөрөнгө оруулалтын уулзалт дээр нь англи хэлээр ярьдаг юм. Бид хамгийн бага зардлаар ажиллаж байгаа хэмээн тайлбарлалаа.