Улаанбаатар хотын АИ-92 автобензиний 13 хоногийн нөөцийг нэмж хадгалах агуулах бүрэн ашиглалтад оров

Улаанбаатар хотын АИ-92 автобензиний 13 хоногийн нөөцийг нэмж хадгалах агуулах бүрэн ашиглалтад оров

“Сан петролиум” ХХК түлш, шатахууны агуулах сав барих ажлаа бүрэн дуусгасан байна. Энэ тухай тус компанийн Дэд захирал Э.Энхцэцэгээс тодрууллаа.

‎- “Сан петролиум” компани шатахууны нөөцийн агуулах байгуулах  ажлаа хэзээ эхэлж, хэзээ ашиглалтад оруулсан бэ?

- Манай компанийн шатахуун хадгалах агуулахын бүтээн ‎байгуулалтын ажил 2025 оны наймдугаар сард эхэлсэн.‎ Эхний ээлжид 2025 онд 8,000 м³ багтаамжтай агуулахаа барьсан. Харин ‎‎2026 онд Засгийн газрын дэмжлэгтэйгээр төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлж, ‎нийт хүчин чадлыг 16,000 м³ болгон нэмэгдүүлсэн. ‎Ингээд 2026 оны наймдугаар сард үндсэн бүтээн байгуулалтын ажил дуусаж, одоо ‎үйл ажиллагаагаа эхлүүлээд ажиллаж байна.‎

‎- Танай агуулах Улаанбаатар хотын түлш шатахууны хэд хоногийн нөөц хадгалах хүчин чадалтай  ‎вэ?‎

- Манай агуулах нийт 16 сая литр шатахуун хадгалах хүчин чадалтай.‎ Энэ нь Улаанбаатар хотын АИ-92 автобензиний хэрэглээг тооцоход ойролцоогоор 13 ‎хоногийн нөөцтэй тэнцэх хэмжээ юм.‎ Харин манай компанийн хувьд өөрийн шатахуун түгээх станц болон борлуулалтын үйл ажиллагааны 2–‎‎3 сарын хэрэглээний нөөцийг хадгалах боломж бүрдээд байна.

- Шатахууны агуулах савандаа нөөц бүрдүүлэх ажлаа эхэлсэн болов уу?

- Манай компанийн хувьд зөвхөн тухайн үеийн борлуулалтын хэрэгцээг хангах бус, ‎нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах тодорхой хэмжээний нөөцтэй байх ‎зарчим баримталдаг.‎ Өнөөдрийн байдлаар манай өөрийн шатахуун түгээх станцуудын хэрэглээний ойролцоогоор 25 ‎хоногийн автобензиний, 30 хоногийн дизель түлшний нөөц бүрдээд байна.‎ Цаашид агуулахын хүчин чадлаа бүрэн ашиглаж, зах зээлийн нөхцөл байдал болон ‎нийлүүлэлтийн эрсдэлтэй уялдуулан нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.‎

‎

- Түлш, шатахууны агуулах сав байгуулах ажил сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй. Энэ удаа ‎Засгийн газрын дэмжлэг бүтээн байгуулалтын ‎ажилд хэр хувь нэмэртэй байсан бэ?‎

- Шатахууны агуулах барьж байгуулах нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, урт ‎хугацааны төсөл байдаг. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хувьд ‎дангаараа хэрэгжүүлэхэд санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн дарамт зэрэг олон ‎хүндрэл тулгардаг.‎ Үүнтэй холбоотойгоор сүүлийн 30 гаруй жилд шатахууны агуулахын томоохон бүтээн ‎байгуулалт хангалттай хэмжээнд хийгдээгүй гэж харж байна.‎ Харин энэ удаа Засгийн газраас шатахууны нөөц, хадгалалтын хүчин чадлыг ‎нэмэгдүүлэх асуудлыг бодлогын түвшинд авч үзэж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөөр дэмжсэн нь манай төсөл хэрэгжихэд маш чухал түлхэц болсон.‎

Аль ч улсын хувьд түлш, шатахуун бол стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. ‎Тиймээс зөвхөн импортын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна шатахууныг дотооддоо ‎тодорхой хэмжээгээр нөөцлөх, хадгалах хүчин чадлыг бий болгох нь маш чухал гэж ‎бид үздэг.‎

Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээл болон геополитик, логистикийн нөхцөл ‎байдлаас шалтгаалан шатахууны үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах эрсдэл байнга ‎үүсэж байна.‎ Ийм үед дотоодын агуулах, хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлж, тодорхой ‎хэмжээний нөөц бүрдүүлэх нь нийлүүлэлтийн болзошгүй эрсдэлийг бууруулахад ‎чухал ач холбогдолтой.‎ Тиймээс шатахууны агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас ‎баримталж байгаа бодлого нь урт хугацаанд шатахууны хангамжийн тогтвортой ‎байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж харж байна.‎ Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн хувьд бид өөрийн ‎хөрөнгө, мэдлэг, туршлагадаа үндэслэн Засгийн газрын бодлогын ‎дэмжлэгтэйгээр шатахууны нөөц, хадгалалтын дэд бүтцийг нэмэгдүүлэхэд бодит хувь ‎нэмэр оруулж байгаадаа баяртай байна.‎