Хотын дарга асан Х.Нямбаатарыг АТГ-аас мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тэгвэл хуулийн байгууллагаас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан ч түүнд яллагдагчаар татах тогтоолын хувийг гардуулж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Мөн үүнтэй холбоотойгоор түүнийг интерполоор эрэн сурвалжилж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодотговол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө" гэж заажээ. Уг хуулийн заалтын дагуу Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах тогтоолын хувийг гардуулж өгөхөөр хуулийн байгууллагаас түүнд "дуудах ирүүлэх хуудас" удаа дараа хүргүүлсэн ч тэрбээр энэ дагуу ирэхгүй байгаа аж. Учир нь Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн зун Монгол Улсын хилээр гарч яваад өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа бөгөөд тэрбээр Канад улсад байж магадгүй байгаа юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Х.Нямбаатар хуулийн байгууллагад шалгагдахаасаа урьдаж Канад улс руу явсан байж болзошгүй" гэж буй юм. Харин Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа мэдээлэл хийхдээ "гадаад улсад суралцаж байгаа" гэсэн утгатай мэдээллийг өгсөн байдаг.
Тэгвэл Монгол Улс, Канад улс хооронд эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй тул хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүсийг харилцан солилцох хуулийн боломж байдаггүй аж. Тиймээс Хотын дарга асан Х.Нямбаатарыг интерполын буланд зарлаж, түүнийг эрэн сурвалжилж магадгүй байна.
Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн Э.Болормааг сонгуулийн хууль зөрчсөн үндэслэлээр хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан бөгөөд тэрбээр мөн яллагдагчаар татах тогтоолоо гардаж авахгүй, мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсаар ирэхгүй байсан тул түүнийг шүүхээс албадан ирүүлэхээр болж байсан удаатай юм. Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээлэл бий.