Оросын Камчаткийн хойгт өнгөрөгч долоодугаар сарын 30-нд болсон 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа тус бүс нутагт найман галт уул ар араасаа идэвхжиж эхэлсэн байна. Тухайлбал, өчигдөр /2025.08.04/ Мутновский галт уул дэлбэрч, үүний улмаас Оросын эрх баригчид агаарын тээвэртээ “шар дохио” зарласан байна. Энэ нь тус бүс нутгаар нислэг үйлдэж буй онгоцуудад болгоомжтой байх, маршрут өөрчлөх анхааруулга ажээ.
ВИДЕО:
Оросын Галт уул судлалын хүрээлэнгийн захирал хэлэхдээ, “Бид хамгийн сүүлд 1737 онд Камчаткад 9 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа ийм зүйлийг тохиолдож байсан" гэжээ. Тэрбээр нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг маш нарийн ажиглаж байгаа бөгөөд аюулгүй байдлын хатуу зөвлөмж гаргаж байгаа аж. Сонирхуулахад, Оросын Камчатка бүс нутаг нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулын бүс нутгуудын нэг бөгөөд 300 гаруй галт уулын тогтоц бий аж. Эдгээрийн 29 нь идэвхтэйд тооцогддог байна.