Өнгөрөгч долоодугаар сарын 30 /2025.07.30/-ны өдөр Япон улсын Чиба муж дахь Кэйсэй цахилгаан галт тэрэгний "Күнүгияма" гэх өртөөний дотор нэгэн эмэгтэйн биед зориуд хүрсэн хэрэг гарчээ. Энэ хэргийн улмаас Монгол Улсын иргэн, 55 настай эрэгтэйг сэжигтнээр баривчилсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Орон нутгийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр, "эмэгтэй зорчигч "Күнүгияма" өртөөнд галт тэрэг хүлээж байх үеэр тухайн эрэгтэй түүний биед санаатайгаар хүрсэн байна. Эмэгтэй эсэргүүцэл үзүүлж, тэр даруйд буудлын ажилтан болон цагдаад хандсанаар хэрэг илэрчээ."
Цагдаа нар тус хэргийн сэжигтэн Монгол Улсын иргэн 55 настай эрэгтэйг газар дээр нь саатуулан, “эмэгтэй хүний биед дур мэдэн хүрч бэлгийн дарамт үзүүлсэн” үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Энэхүү хэрэг нь Токио хотоос зүүн өмнө зүгт орших Чиба мужийн Мацүдо хот дахь "Күнүгияма" гэх нэртэй өртөөнд болсон бөгөөд тус өртөө нь Кэйсэй цахилгаан төмөр замын Шин-Кэйсэй шугамын дагуу байрладаг бөгөөд өдрийн турш олон зорчигч урсдаг газар ажээ. Япон Улсад галт тэрэг, олон нийтийн газар бэлгийн дарамт учруулах нь хуулиар хатуу хориглотой үйлдэл бөгөөд хохирогчийн гомдол, нотлох баримт дээр үндэслэн сэжигтнийг нэн даруй баривчлах, цаашлаад шүүхийн шийдвэрээр торгох, хорих ял оноодог байна.
Эх сурвалж: Matsudo-tsushin.com