ВИДЕО: Израилийн барьцааны хүний бичлэгийг нийтэлж, олон нийтийн бухимдлыг төрүүлжээ

ВИДЕО: Израилийн барьцааны хүний бичлэгийг нийтэлж, олон нийтийн бухимдлыг төрүүлжээ

Өчигдөр /2025.08.02/ Палестины зэвсэгт бүлэглэл Хамас Израилийн нэгэн барьцаалагдсан иргэний шинэ бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгт туранхай, ядрангуй төрхтэй нэгэн эрэгтэй өөрийгөө Эвиатар Дэвид хэмээн танилцуулж, хэдэн өдрийн турш хоол идээгүй, биеийн байдал нь дордож буй тухай өгүүлсэн байна.

ВИДЕО: 

Энэ нь Израилийн иргэд төдийгүй барьцаалагдсан хүмүүсийн гэр бүлийнхэн дунд бухимдал төрүүлсэн байна. Учир нь Эвиатар Дэвид нь 2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр болсон Хамас бүлэглэлийн гэнэтийн довтолгооны үеэр Газын зурвас руу барьцаалагдан явсан энгийн иргэдийн нэг бөгөөд түүний гэр бүл уг бичлэгийг үзсэн даруйдаа Хамас бүлэглэлийг “суртал ухуулгын кампанит ажлын зорилгоор санаатайгаар өлсгөж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Тодруулбал, түүний ах Йоав Дэвид, “Энэ бол цэвэр зохион байгуулалттай, ухуулах зорилготой тархаасан бичлэг. Тэд миний дүүг хүнлэг бус нөхцөлд байлгаж, түүний сул дорой байдлыг ашиглан дэлхий нийтийн сэтгэл хөдлөлийг өөрт ашигтайгаар хандуулахыг оролдож байна” гэжээ.

Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Батлан хамгаалах яам уг бичлэгийг “гэмт хэргийн шинжтэй, Хамасын ёс суртахууны доройтлыг илтгэх нэгэн нотолгоо” хэмээн мэдэгдэж, барьцаалагдсан бүх хүнийг нэн даруй, ямар ч нөхцөлгүйгээр суллах шаардлагаа дахин илэрхийлжээ.

Хамас бүлэглэл тус бичлэгийн тайлбарт “барьцаалагдсан хүмүүсийн эрүүл мэндийн байдал муудаж байгаа нь Израилийн цэргийн довтолгоо болон хоригуудтай холбоотой” гэжээ. Тэд барьцаалагдсан хүмүүсийг байнга шилжүүлэн байрлуулж байгаа бөгөөд “эмнэлгийн тусламжийн дутагдал” нүүрлээд буйг онцолсон байна. Сонируулахад, Хамас бүлэглэл 2023 онд Израил руу хийсэн гэнэтийн довтолгооныхоо үеэр тус улсын 100 гаруй иргэнийг барьцаалсан бөгөөд тэдний олонх нь энгийн иргэд, зарим нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настангууд байгаа юм.

Эх сурвалж: BBC