1-3 метрийн цүнами Японы эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа учир тус улс “Цунамигийн сэрэмжлүүлэг”-ийг зарлалаа

1-3 метрийн цүнами Японы эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа учир тус улс “Цунамигийн сэрэмжлүүлэг”-ийг зарлалаа

Өнөөдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 8:25 цаг орчимд ОХУ-ын Камчаткийн хойгт 8.7 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болов. Уг газар хөдлөлтөөс үүссэн 1-3 метрийн цүнами Япон Улсын Хоккайдо мужаас Вакаяма мужийг хүртэлх Номхон далайн эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа талаар Япон Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд “Цунамигийн сэрэмжлүүлэг”-ийг зарлаад байна.

"Эн Эйч Кэй" болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус цүнамигийн талаарх мэдээг тасралтгүй мэдээлж, иргэдийг аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Иймд манай иргэдээс Номхон далайн эрэг орчимд нам дор газар амьдардаг, аялал жуулчлалаар дээрх бүсэд зорчиж байгаа бол яаралтай урьдчилан сэргийлэх, нүүн шилжих арга хэмжээ авна уу.

Газар хөдлөлт, цунамитай тэмцэх асуудлын арга зүйч Ш.Киёмото "Далайн эргийн бүсүүд болон далайд цутгадаг голын дагуу оршин суудаг иргэд өндөрлөг газар буюу бөх бат барилгын дээд давхар гэх мэт аюулгүй газарт нүүн шилжихийг зөвлөв. Тэрээр цунамигийн эхний давалгаа 10 цаг орчимд ирнэ. Цунамигийн давалгаанууд ар араасаа удаан хугацаанд давтагдах ба эхний давалгаанаас араас ирэх давалгаанууд илүү том байх магадлалтай. Иймд цунамигийн сэрэмжлүүлэг хүчингүй болох хүртэл анхаарал болгоомжтой байж, нүүн шилжсэн хэвээр байхыг зөвлөж байна" гэжээ.