Тоноглосон мотоцикл хүлцэх хэмжээнээс хоёроос гурав дахин их дуу чимээний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг талаар бид өмнө нь сурвалжилж байсан. Тэгвэл Тээврийн цагдаагийн алба хаагчид Авто тээврийн үндэсний төвтэй хамтран өдөр бүр 22-05 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Иймд бид нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудтай хамтран сурвалжиллаа.
ВИДЕО:
Холбогдох байгууллагууд тус хяналт, шалгалтыг өнгөрсөн зургаадугаар сарын 25-аас эхлэн ирэх сарын 11 хүртэл хийхээр төлөвлөжээ. Шалгалтаар хүлцэх хэмжээнээс их дуу чимээний бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулиар торгох, зөрчлийг арилгуулах болон шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийг журамлах зэрэг арга хэмжээг авч байна.
Нийслэлийн хэмжээнд дээрх зөрчлийн улмаас хоногт дунджаар 160 гаруй тээврийн хэрэгсэлд зохих арга хэмжээг авдаг гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа. Авто тээврийн үндэсний төвөөс мотоцикл, автомашинд ижил стандарт тавьдаг. Яндангаас гарах дуу чимээний түвшин MNS:4599 стандартын дагуу дунджаар 74 децибел байх ёстой.
Авто тээврийн үндэсний төв стандарт шаардлага хангасан мотоциклыг бүртгэж, гэрчилгээ олгодог. Улмаар техникийн үзлэгийг зохион байгуулдаг. Гэтэл иргэд гэрчилгээгээ авсан болон техникийн үзлэгтээ орсноос хойш мотоциклоо тоноглох нэрийдлээр өндөр дуутай яндан тавьдаг. Энэ нь их хэмжээний дуу чимээний бохирдол үүсгэдэг шалтгаан гэж үзэж байна.
-ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ БОЛ ЖОЛООЧ НАРЫН УХАМСАРТАЙ ШУУД ХОЛБООТОЙ-
АТҮТ-ийн техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Ербулан “Үйлдвэрлэгчийн тавьснаас өөр яндангаар тоноглох, хүчээр хаазлах зэрэг тохиолдлуудад стандарт хэмжээг давдаг. Техникийн үзлэгт орох үед холбогдох шаардлагыг мэдээж тавина. Яндангаас гарах дуу чимээ стандартыг хангахгүй тохиолдолд дуу намсгуур тавиад тэнцэх тохиолдол байдаг. Энэ асуудал бол жолооч нарын ухамсартай холбоотой асуудал. Орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг газруудад хаазалж давхидаг залуус олон байна. Бусдын эрхэд халдаж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй” гэв.
ДЭМБ хотын дуу чимээний стандартыг өдрийн цагт 60 децибел, шөнийн цагт 40 децибел гэж тогтоосон байдаг. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагад үүнээс ч бага байх ёстой. Гэтэл манай улсад дуу чимээний бохирдлын асуудал шинэ ойлголт хэвээр байна. Учир нь манай улсын хэмжээнд дуу чимээний бохирдолтой холбоотой бариад авчих томоохон хэмжээний судалгаа үгүй. Харин Нийгмийн эрүүл мэндийн төв өөрсдийн нөөц боломжид тулгуурлан 2010, 2018, 2024 онд нийслэлийн төв зам дагуух дуу чимээний бохирдолд судалгаа хийжээ. Хамгийн сүүлийн буюу 2024 оны судалгаагаар нийслэлд 12-14 цагийн үед дуу чимээний бохирдол хамгийн ихдээ 100 децибел хүрдэг. Харин шөнө 23-01 цагийн хооронд хамгийн ихдээ 90 децибел болдог байна.
Энэ нь иргэдэд олон төрлийн сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг тэд хэлж буй. Бид иргэдтэй өдөр тутам харьцаж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг түргэн тусламжийн эмчээс энэ асуудлыг тодруулсан юм. Зөвхөн Баянзүрх дүүргийн хэмжээнд гэхэд нийт дуудлага мэдээллийн 50-60 хувь нь цусны даралт ихсэх дуудлага мэдээлэл байдаг бөгөөд тэдний багагүй хувь нь дуу чимээний бохирдлоос үүдэлтэй байдаг гэлээ.
-ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ НЬ ХҮНИЙГ СТРЕСС БУХИМДАЛТАЙ БОЛГОЖ, СЭТГЭЛ ТҮГШИЛТ ҮҮСГЭДЭГ-
БЗД-ийн ЭМТ-ийн их эмч Г.Дашдаваа “Иргэд стандарт мөрдөхгүй байснаар үүсэх дуу чимээний бохирдол нь хамгийн түрүүнд хүний сонсгол гэмтээх буюу сонсгол буурах өвчин үүсгэнэ. Цаашлаад цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цусан харвалт зэрэг өвчний үндэс болдог. Мөн хүн байнгын стресс бухимдалтай болж, сэтгэл түгшилт үүсгэдэг. Хамгийн гол нь хүний бодисын солилцоонд нөлөөлж, дархлаа сулардаг. Ингэснээр олон өвчний суурь үүснэ гэсэн үг. Ялангуяа, шөнийн цагаар ахмад настан, бага насны хүүхдүүд тавгүйддэг. Шөнийн цагаар ирдэг цусны даралт ихсэх, зүрхний шигдээс зэргийг шууд дуу чимээтэй холбоотой гэж дүгнэх боломжгүй ч магадлал өндөр” гэсэн юм.
Стандарт бол чанар, аюулгүй байдлын баталгаа гэх үг бий. Холбогдох байгууллагуудын мэдээллээс дүгнэхэд тээврийн хэрэгслээс гарч байгаа дуу чимээний бохирдлын асуудал жолоочийн ухамсаргүй, стандартаа мөрддөггүй, хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гэж тайлбарлаж болохоор байна.